Улсын хэмжээнд он гарсаар нэгдүгээр сарын 22-ны өдрийн байдлаар нийт 402 удаагийн объектын гал түймэр гарч 1.2 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Түүнчлэн найман хүн нас барж, гурван хүн түлэгдэж гэмтэн, 204 гэр орон сууц шатжээ. Дээрх гал түймрийн аюулаас Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 103 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 6.9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.
Объектод гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 10.1 хувиар өсөж, учирсан хохирлын хэмжээ 81.25 хувиар буурсан байна. Нийслэл хотод нийт 254 удаагийн гал түймэр гарч 0.46 тэрбум төгрөгийн хохирол, орон нутагт 148 удаагийн гал түймэр гарч 0.78 тэрбум төгрөгийн хохирол тус тус учирчээ. Энэ хугацаанд 1,884 байгууллага, аж ахуйн нэгж, 17,771 айл өрхөд гал түймрийн хяналт шалгалт хийж, гал түймрийн хэрэг зөрчилд хүргэж болзошгүй 7,854 зөрчил дутагдал илрүүлэн, 3,698 зөрчлийг үзлэг шалгалтын явцад арилгуулан бусад зөрчлийг арилгуулахаар 395 заавал биелүүлэх албан шаардлага, 387 мэдэгдэл, 25 танилцуулга, 42 дүгнэлт бичиж, гал түймэр гарч болзошгүй 1 объектын үйл ажиллагааг хэсэгчлэн буюу түр хугацаагаар зогсоож, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчсөн байгууллага, аж ахуйн нэгжийн холбогдох албан тушаалтан, иргэдийг 8.3 сая төгрөгөөр торгож, галын аюулаас урьдчилан сэргийлэх сургалт 127 удаа, дадлага 117 удаа зохион байгуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр 106 удаа сэрэмжлүүлэг явуулжээ.
Улаанбаатар хотод болон орон нутгийн хэмжээнд шинээр баригдах барилга байгууламжийн 45 зураг төсөлд хяналт хийж баталгаажуулан, барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээж авах улсын комиссын бүрэлдэхүүнд 52 удаа орж ажилласан байна.
Объектын түймрийн шалтгааныг авч үзвэл:
Пийшин, зуух, яндангийн цонолтоос 131 гал буюу 32.5 хувь,
Цахилгаанаас 77 гал буюу 19.2 хувь,
Лаа, дэн, тамхи, шүдэнзний галаас 61 гал буюу 15.2 хувь,
Ил задгай гал, асгасан үнс нурмаас 60 гал буюу 14.9 хувь,
Машин техникийн гэмтэл ашиглалт буруугаас 35 гал буюу 8.7 хувь,
Шалтгаан тогтоогдоогүй 22 гал буюу 5.5 хувь,
Гагнуур, паялник, бамбараас зургаан гал буюу 1.5 хувь,
Хүүхдийн болгоомжгүй үйл ажиллагаанаас гурван гал буюу 0.74 хувь,
Бусад шалтгаанаас гурван гал буюу 0.74 хувь,
Технологийн горим зөрчснөөс 2 гал буюу 0.49 хувь,
Архидан согтуурснаас нэг гал буюу 0.24 хувь,
Санаатай үйлдлээр нэг гал буюу 0.24 хувь
Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар