Энэ сарын 23-нд нутгийн хойд хэсгээр, 24-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг хүйтэрнэ гэж ЦУОШГ-аас мэдээллээ. 2019 оны нэгдүгээр сарын 23-27-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 23-нд нутгийн хойд хэсгээр, 24-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас, 25-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 23-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
23-нд нутгийн хойд хэсгээр, 24-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 26-31 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр газраар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна. Өнгөрсөн долоо хоногт ихэнх нутгаар хүйтний эрч суларсан. Зарим газраар өдөртөө нэмэх градус хүрч дулаарсан.
Тухайлбал, энэ сарын 19-нд Өвөрхангайн Арвайхээрд +2, Хархоринд +3 градус, Архангайн Цэцэрлэгт +1 градус дулаан байсан байна. Шөнөдөө мөн хүйтний эрч сулавтар байжээ. Мөн ЦУОШГ-аас өчигдөр өдөр говийн бүс нутгийн баруун хэсэг болон цас багатай энгэр газраар +7…-1 градус байсныг мэдээллээ.