Еврей хүн бүрт байдаг ген гэж байхгүй болохыг Израйлийн судлаач тогтоожээ. Судлаач Зви Мисинай бараг гучаад жил Израйл болон Баруун эргийн нутгаар явж “Абрахаамын хүүхдүүдийг” хайж буй юм. Еврей болон лалчууд нэг гарал үүсэлтэй болох тухай библьд гардаг нь ч түүний энэ эрлийг хийхэд хүргэсэн байж мэдэх. Еврей болон палестинчууд эртний нэг удамтай нь цусны шинжилгээгээр мэдэгдээд байна гэж тэр үзжээ. Үүнийгээ ойлгоцгоовол харилцан дайсагнахаа больцгоох байх гэж тэрээр үзэж байна. Итгэхэд бэрх л юм. Саятан Мисинай 1980 онд ажлаа эхлэхдээ угсаатан судлаачид болон антропологчдийн ажил дээр л тулгуурлаж байв.
Өнөөдөр түүний онол байгалийн шинжлэх ухааны нотолгоогоор бүр тодруулбал генетикийн ухаанаар баталгаажиж байна. Үүнийг нь эсрэгээр нотлоход судлаачдад хэцүү л дээ. Генетик ашиглан арьс өнгөөр ялгаж буй нь нэг талаар тун аюултай зүйл боловч Мисинай үүнээс айхгүй байга ажээ. 100.000 гаруй евро зарцуулан Палестинчуудын тосгодоор ухуулах бичгүүд тараажээ. Эндхийн тариачид болон Бедуйнчуудын дунд Еврейн эртний ул мөр олсоор байгаа гэнэ.
Бедуйний зарим овгийнхонд Еврейчүүдийнхтэй тун төстэй ёс заншлууд байдаг байна. „Жата тосгонд Еврейчүүдийг дөрвөн зуун жилийн өмнө хүчээр лалын шашинд оруулсан гэдэг нь нотлогдоод байгаа” гэж Мисинай ярьжээ. Чухам энд Еврейчүүдийнхтэй төстэй ёс заншил хадгалагдан үлдсэн байдаг байна. Зарим нэг нь нууцаар Еврейн шашинд орсон гэсэн мэдээ ч байдаг ажээ. Ганц Израйлаар зогсохгүй дэлхийн өнцөг булан бүрээс генетикчид энэ дайсагнасан хоёр ард түмний генд ижил төстэй зүйл тун их буйг нотлох боллоо.
Төв Европын Еврейчүүдийн ген нь Палестинчуудын гентэй Хойд Африкийн Еврейчүүдийнхээс илүү төстэй байдаг байна. Эдгээр Еврейчүүдийн ген дэлхийн бусад бүс нутгийн Еврейчүүдийнхтэй тэдний хөрш зэргэлдээ ард түмнийхээс илүү төстэй байдаг ажээ. Гэвч хэдийгээр төстэй зүйлс их байдаг боловч яг “еврей ген” гэж байдаггүй ажээ. Сүмийн лам нарын кастын удам болох нь тогтоогдсон хүмүүст У-хоромосомын нэгэн мутац болох Cohanim ген ихээхэн илэрдэг ба гэтэл энэ ген мөн палестинчуудад илэрдэг. Бас Зимбабвегийн Лемба аймгийнханд илэрдэг байна.
Энэ аймгийн Буба гэдэг овгийнхны эрчүүдийн 52% нь энэ генийг тээж явдаг гэнэ. “Генийн төрлөөр нь батлах нь соёл, улс төрийн хувьд ямар ч нөлөөгүй. Ах дүү нарын хооронд ч дайн болж байдаг” гэж зарим нь тайлбарлажээ. Генетикчид удамшлын гаралтай өвчнийг таньж эмчлэх арга л хайж байгаа болохоос үндэстэн ястны асуудал тэдэнд сонин биш л дээ.
Адольф Гитлерийн төрөл удмынхнаас авсан ДНХ шинжилгээгээр Еврей гаралтай байж болох мэдээлэл гарсан нь нилээд шуугиан тарьсан. Ирак дахь Курдуудын нэгэн сэтгүүлд давидын одын зургийг томоор тавиад “Абрахаам бол бидний хамтын өвөг дээдэс” гэж бичээд Израйлыг курдтэй холбоотон болохыг уриалсан байв. Харин энэ холбоог бол генетикчид нотолсон байдаг. Холбоотон болох санал зөв эсэх нь зөвхөн генетикийн адил төстэй байдлаас хамааралтай ч биш биз.
Еврейчүүдийн үүссэн өлгий нутаг бол Израйль. Энд Библь бичигдсэн, энд Еврейчүүдийн ариун шүтээн болсон Иерусалемийн сүм байсан юм. Тель Авивийн Их сургуулийн профессор Шломо Цанд Европын еврейнүүд Кавказаас гаралтай гэж үзсэн байдаг. Түүнийхээр бол Еврей ген гэж байхгүй өөрөөр хэлбэл Еврейн улс нь генийн үндсэн дээр байгуулагдаагүй гэж үзжээ. Еврейчүүд нь нэг угсаа гаралтай бус харин Иудын шашнаар л холбогдсон өөрөөр хэлбэл нэг шашинтан гарал угсаа өөртэй хүмүүс болж таарлаа.
Цаг төр онлайн сэтгүүлч