Шинжлэх ухааны академи Эрдэнэт үйлдвэртэй хамтран ажиллана Шинжлэх ухааны академи Эрдэнэт үйлдвэртэй байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, Эрдэмтэн нарийн бичгийн дарга, академич Б.Авид тэргүүтэй төлөөлөгчид Эрдэнэт хотод ажиллаад ирлээ. Энэ үеэр Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ерөнхий захирал, доктор (Sc.D) Бадамсүрэн болон бусад удирдлагуудтай уулзаж, хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд 2019 оноос эхлэн хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцон, Эрдэнэт үйлдвэр болон Эрдэнэт хотод тулгамдаж буй зарим тодорхой асуудлыг шийдвэрлэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.
Тодруулбал, Эрдэнэтийн цагаан тоосны асуудал, зэсийн баяжмалыг хайлуулах процесст гарах хүхэрлэг хийн асуудал, Эрдэнэт хотын утааг бууруулах асуудал гэсэн үндсэн 3 чиглэлээр хамтын ажиллагааг эхлүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Мөн ШУА-ийн зүгээс Эрдэнэт үйлдвэрийн инженер техникийн ажилтнуудад ахисан түвшний судалгааны ажил хийхэд нь арга зүйн зөвлөгөө өгөх, судалгааны ажлыг удирдах, үйлдвэрийн үйл ажиллагаанаас гарах хог хаягдал, аюултай хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр сургалт зохион байгуулахаар боллоо.
Зууны манлай үйлдвэр Эрдэнэт үйлдвэрийн хамт олон 2018 онд өнгөрсөн 40 жилийн хугацаанд хийж, гүйцэтгэсэн ажлаа нэгтгэн дүгнэжээ. Үйлдвэрээ цаашид дахин 60 жил ажиллуулах менежментийн төлөвлөгөө гарган ажиллаж эхэлж байгаа энэ үедээ Монгол Улсын Шинжлэх ухааны Академитай хамтран шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэхийн төлөө ажиллаж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа хоёр талын удирдлагууд онцлон байлаа.
Эх сурвалж: ШУА