Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалын дагуу 2019 оны нэгдүгээр сарын 7-ны өдрөөс Нийслэлийн цагдаагийн газраас “Сар шинэ” арга хэмжээг эхлүүлээд байна. Энэ арга хэмжээ 30 хоногийн хугацаатай үргэлжлэх бөгөөд сар шинийн үеэр иргэдийн амар тайван байдлыг хангах, ялангуяа хулгайлах гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэгдэж буй юм. Энэ хүрээнд эргүүлийн нягтралыг сайжруулж, цагдаа, дотоодын цэрэг, ХСИС-ийн сонсогчдыг эргүүлд гаргаж байна.
Хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор 08:00-17:00 цагийн хооронд авто эргүүлийг ажиллуулж байгаа бөгөөд овор хэмжээтэй эд зүйлс авч яваа болон сэжигтэй автомашиныг шалгаж байгаа юм байна.
Мөн 360 градус эргэдэг явуулын камерыг ажиллуулж байна. “Нарантуул”, 13-р хороолол, Барс-1,2 зэрэг газруудад болон алслагдсан захын гэр хорооллуудын өндөрлөг дээр камер байрлуулж байгаа аж. Авто эргүүлүүд мөн чанга яригчаар хэв журмыг сахиулж, гудамж талбайд шаардлага тавин ажиллах юм.
Орон байрны хулгайн гэмт хэргээс сэргийлэхийн тулд хөршийн харилцаа холбоогоо сайжруулах, харилцан туслалцаж амьдрах, хөршийн хаалгатай болох хэрэгтэй гэдгийг цагдаагийн байгууллагаас сануулж, сар шинийн баяраар гэрээс гарахдаа цахилгаан хэрэгслээ залгаатай орхих, ус алдах, гал аюул, осол гэмтлээс сэргийлэхийг сэрэмжлүүлж байна.
Түүнчлэн баяраар гэр, орон байраа орхиж явахдаа утсаар эсвэл сошиалд өөрсдийн мэдээллээ санамсаргүй байдлаар тавихгүй байхыг онцгойлон анхаарууллаа. Тухайлбал “Золголтоор гэр бүлээрээ хөдөө явлаа” гэх мэтээр мэдээллээ үлдээдэг асуудлууд их гардаг байна. Энэ нь гэмт хэргийн золиос болох нөхцлийг бүрдүүлэх эрсдэлтэй.