Хадам, хүргэний хэрүүлтэй зэрэгцэн УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Л.Болд нарын дунд халуухан тэмцэл өрнөж байна. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат хэвлэлийн мэдээлэлд зайлшгүй тайлбар хийх шаардлагатай болсон хэмээн өнөөдөр (2019.01.18) сэтгүүлчдэд хандсан юм. Учир нь тэрээр өнөөдөр УИХ-ын гишүүн Л.Болд Богд банктай холбоотой асуудлаар өөрийг нь гүтгэсэн гэж үзэн тэрээр няцаалт хийж, тайлбар мэдээллийг хүргэхээр болжээ.
Засгийн газрыг огцруулах асуудал өргөн барьж байх үед Ж.Мөнхбат гишүүн Л.Болд гишүүнд хандаж “Та хувийн эрх ашгийн үүднээс энэ асуудалд хандаад байгаа юм биш үү?” гэсэн утга бүхий зүйлийг УИХ-ын чуулган дээр хэлсэн. Тэр үед тэрээр ипотекийн зээлтэй холбоотой асуудал, мөн гаднаас бонд босгох асуудалтай холбоотой зүйлийг ярьсан байдаг. Харин дараа нь Н.Амарзаяа гишүүн Л.Болд гишүүний хувийн банкинд Хөгжлийн банкнаас 30.8 тэрбум төгрөгийг харилцах дансан дээр нь шилжүүлэн байршуулж, ашиглаж байна гэх мэдээллийг сар орчмын өмнө хийсэн.
Ж.Мөнхбат гишүүн саяхан ЖДҮ-тэй холбоотой асуудлыг чуулган дээр ярьж байх үед “УИХ-ын нэр бүхий гишүүний хэлээд байсан мэдээлэл чинь үнэн юм байна лээ шүү” гэсэн. Мөн энэ талаар өчигдөр оройны Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дээр “энэ бол үндэслэлтэй юм билээ. 8 сая доллар, 9.8 тэрбум төгрөг Богд банкны харилцах дансан дээр байршиж байгаа нь үнэн юм байна лээ, баримттай юм билээ” гэж хэлсэн байдаг. Хариуд нь Л.Болд гишүүн байнгын хорооны танхимд Ж.Мөнхбат гишүүнийг цуст алуурчин гээд хэлчихсэн.
Харин өнөөдөр Н.Амарзаяа гишүүний ярьсан мэдээллийг үнэн юм байна гэдгийг Ж.Мөнхбат гишүүн баримтаар нотолж байгаа нь энэ аж. Тэрээр 2018 оны долдугаар сарын 26-ны өдрийн БГХ20180731-01-2/104 гэсэн дугаар бүхий харилцах гэрээг үзүүллээ. Уг гэрээний 2.1.4-т мөнгөн хөрөнгө гэж энэхүү гэрээнд заасан нөхцлөөс данс эзэмшигчээс буюу Хөгжлийн банкнаас Богд банкинд тохиролцсон хугацаанд байршуулж буй 8 сая ам.доллар, хугацаа гэж 2018 оны долдугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны долдугаар сарын 31-ний өдрийг хүртэл 365 хоног гэжээ.
Хөгжлийн банкыг төлөөлж захирлууд нь гарын үсэг зурсан, Богд банкыг төлөөлж Гүйцэтгэх захирал н.Саруул, Богд банкны хөрөнгө оруулалт зохицуулалтын хэлтсийн захирал Э.Ган-Эрдэнэ нар гарын үсгээ зуржээ.
Ингээд араас нь дахин нэг гэрээг дэлгэлээ. 2018 оны аравдугаар сарын 24-ний өдөр мөн Хөгжлийн банк, Богд банкуудын хооронд байгуулсан гэрээ байна. Энэ гэрээнд нэг асуудал байгааг тэрээр тодотголоо. Уг гэрээ нь “Байгууллагын харилцах дансаар төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэх гэрээ“ гэжээ. Богд банк нь хадгаламж авах эрхгүй банк. Тиймээс ийм их хэмжээний мөнгийг харилцах дээрээ байршуулаад байгаа хэмээн тайлбарлав. Харилцах дансан дээр удаан хугацаагаар мөнгө байршуулах нь хууль зөрчсөн үйлдэл болдог юм байна. Иймээс шинээр гэрээ байгуулсан нь үүгээр нотлогдож байгаа бололтой.
Мөн 2018 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр Үнэт цаас барьцаалах гэрээ байгуулжээ. Энэ гэрээгээр 9.8 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкнаас авсан. Үүний барьцаа болгож Монголбанкны үнэт цаасыг тавьсан гэрээ гэж тайлбарлалаа.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эдгээр баримтуудыг дэлгээд, Л.Болд гишүүн өөрийг нь цуст алуурчин, цуст мөргөлдөөнд уриалсан гэж гүтгэсэн тул шүүхэд хандсан гэдгээ хэлж байлаа. Тэрээр “Н.Амарзаяа гишүүний ярьсан зүйл үнэн юм байна гэж хэлсний төлөө над руу дайрч байна. Л.Болд гишүүний над руу хийсэн дайралт бол улс төрийн дайралт. Цуст мөргөлдөөнд уриалах, нийгмийн эмх замбараагүй байдалд уриалахтай холбоотой худал мэдээлэл хийсэн хүн Эрүүгийн хуулиар 5-8 жилийн ялтай. Намайг цуст мөргөлдөөнд уриалсан цуст алуурчин гэж Л.Болд хэлсэн. Би хаана, хэдэн хүн алсныг Л.Болд баримтаар нотолж, шүүх тогтоох шаардлагатай болж байна. Хуульд заасан эрхийнхээ дагуу би Л.Болд гишүүнийг шүүхэд өгсөн.” хэмээн мэдэгдсэн юм.
УИХ-ын гишүүн Л.Болд өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үедээ “Ж.Мөнхбат гишүүн байн байн намайг хүнд гэмт хэрэгт гүтгээд байгаа юм. Миний дүү, гавъяат эдийн засагч Л.Болдхуяг Богд банкийг хуулийн хүрээнд байгуулан ажиллаж байгаа. Би энэ банкинд хувь эзэмшдэггүй. Хууль зөрчсөн асуудал байгаа бол үнэхээр Ж.Мөнхбат гишүүний хэлж байгаа шиг Засгийн газрыг хамгаалахын тулд 30 тэрбум төгрөг, 8 сая ам.долларыг надад энэ банкаар дамжуулж олгосон бол хуулийн зөрчлөө нотло. Энийг тодорхой болгож арга хэмжээ авахыг шаардаж байна. Хөгжлийн банкны удирдлагууд тэгсэн бол одоо энд биш хуулийн байгууллага дээр ажлаа хариуцаад сууж байгаа шд. Ж.Мөнхбат гишүүний эрээ цээргүй гүтгэлэгт нэгмөсөн цэг тавихыг би хүсч байна. Энэ бүгдийн үнэн мөнийг тогтоохын тулд Засгийн газар хариугаа өгөх цаг. Би ийм мөнгө аваагүй” гэсэн юм.
1 comment
Уншигч.
Та нар хэрүүлээ гудамжинд гарч хийцгээ. Их хурлын индэр ашиглаж болохгүй.