2016 оны эдийн засгийн хөгжил нь тус улсыг гадаадаас нэмэлт ажиллах хүч татах хэрэгцээ шаардлагыг нэмэгдүүлж байна. Одоогийн байдлаар Өмнөд Солонгос улс инновацийн технологи, өндөр технологи, анагаах ухаан болон бусад салбарт ажиллах хүчний дутагдалтай байгаа аж. Түүнээс гадна мэргэжилгүй, бага мэргэжлийн хүмүүсийн ч хомсдолд оржээ. Солонгосчуудын амьдралын түвшин эрс сайжирсан тул ихэнх нь эдийн засгийн орлого багатай сектор, хүнд, сонирхолгүй ажилд ажиллах хүсэлгүй болжээ. Мөн Өмнөд Солонгост Японтой адил төрөлт багасч, хүн ам нь алгуурхан хөгширч байгаа аж.
Энэ бүхний үр дүнд барилгын салбарт мэргэжилгүй ажилтан ихээр орж ирж эхэлсэн байна. Мөн орон сууц, нийтийн хоолны салбарт бага цалингаар ажиллах, мэргэжилгүй хүмүүсийн ч хэрэгцээ шаардлага нэмэгджээ. Статистикаас харахад тус улсад ажиллаж, амьдрах гадаадын иргэдийн тоо жил ирэх тусам өсчээ. 1997-2007 онд БНСУ-д ажиллах гадаадын ажилчдын тоо 2.75 дахин нэмэгдсэнийг харахад л хангалттай. Өнөө үед тус улсад гадаадын 1.5 сая гаруй хүн амьдарч байна. Тэдэн дунд коммунист засаглалынхаа бодлогыг хүлээн зөвшөөрдөггүй, сайхан амьдрахыг эрмэлзэж, зугтаж ирсэн БНАСАУ-ын иргэд ч цөөнгүй бий.
Тэднийг гадаадын иргэд гэж үздэггүй бөгөөд тусгай хөтөлбөрийн дагуу эдийн засаг, соёлынхоо нөхцөлд дасгаж байж иргэнээ болгодог. Тайвань бол ХХ зууны сүүлчээр эдийн засгийн хөгжлийн өндөр түвшинд хүрсэн “Азийн бар” орон. Албан ёсоор Тайванийг БНХАУ-ын нэг хэсэг гэдэг. Энэ орон байгуулагдсан цагаасаа хойш БНХАУ болон дэлхийн ихэнх улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй юм. Гэсэн хэдий ч барууныхны дэмжлэгтэйгээр Тайвань эдийн засгийн өндөр хөгжилтэй орон болжээ. Тиймээс ч цагаач ажилчдын анхаарлыг татах нь аргагүй юм. Үнэндээ тус аралд эх газрын Хятадаас ажиллах хүч орж ирдэг аж. Түүнчлэн Вьетнамаас хөдөлмөрийн цагаачид ч олноор орж ирдэг.
Энд мэргэжил шаардахгүй хүнд ажилд вьетнамчууд дайчлагдаж, Вьетнамын эдийн засагт нэмэр болдог байна. Гадаадын хөдөлмөрийн цагаачдын анхаарлыг татдаг Азийн бас нэг орон бол Сингапур. Хуацяо, хятад угсаатнуудаас бүрдсэн “цагаачдын орон” гэж нэрлэж болно. Тэгвэл өнөөдөр “хуучин цагаачид” нь мэргэжилгүй ажилчдын анхаарлыг татдаг байна. Сингапурын цагаачлалын бодлого нь гадаадын ажиллах хүчнийг идэвхтэй татахад чиглэгдсэн байдаг. Гэхдээ удаан хугацаагаар ажиллаж амьдрахыг зөвшөөрдөггүй. Гэсэн ч Сингапурын хөдөлмөрийн нөөцийн 29 хувийг гадаадын цагаачид бүрдүүлдэг байна. Түүнчлэн Малайзын өнөөдрийн хөдөлмөрийн зах зээл ч гадаадын ажиллах хүчнээс ихээхэн хамааралтай байна.
Эндхийн эдийн засгийн хөгжилд Хятадын цагаачдын урсгал болох хуацяо ч түүхэн үүрэг гүйцэтгэжээ. Ерөнхийдөө 200 жилийн турш хуацяо нар Малайзын худалдаа, аж үйлдвэрийг ноёрхож байсан учраас хятадууд тус улсын орчин цагийн эдийн засгийг бий болгосон гэх үндэслэлтэй. Өдгөө тус улсад Индонези, Филиппин зэрэг хөрш орнуудаас хөдөлмөрийн цагаачид ирж байна. Хэл, соёл ойролцоо, гадаад төрхөөрөө ч ижилдүү зэргээс үүдэж индонези, филиппинчүүд Малайзад хууль бусаар цагаачлахад хялбар байдаг аж.
2000-аад оны дундаас Малайз улс 12 орны иргэдийг улс орондоо ажиллахыг албан ёсоор зөвшөөрсөн. Тайланд ч бас гадаадын цагаагчдын хувьд тааламжтай орон. Энд Вьетнам, Лаос, Камбож, Мьянмараас гадаадын цагаачид орж ирдэг аж. Тайландын хөрш орнууд нэн ядуу, гуйланчлал дор аж төрдөг зэргийг харгалзан үзэх хэрэгтэй. Ерөнхийдөө харахад Азийн бар орнууд хөдөлмөрийн цагаачдадаа байнгын амьдрах эрх олгохгүй байх зэрэг хатуу бодлого баримталдаг. Үүнээс гадна хэл соёл ойролцоо хөрш орнуудаасаа ажиллах хүч авах сонирхолтой байдаг. Түүнчлэн цагаачдынхаа мэргэжил, хүйсэнд анхаарал тавьдаг аж. Өөрөөр хэлбэл Азийн баруудын цагаачлалын бодлого Европын холбооны бодлогоос эрс өөр байдаг аж.