Клиник сэтгэл зүйч Т. Хонгорзул
Бидний амьдралд зовлон шаналал хэлж ирдэггүй. Ойр дотныхоо хүнийг түр хугацаагаар юмуу эсвэл энэ насандаа дахиж уулзахгүйгаар алдах үед маш их гарз хохирол учирдаг. Тэгвэл энэ үе танд эсвэл хэн нэгэнд тулгарсан бол үүнийг хэрхэн даван туулах вэ? Гашуудах нь хэвийн бөгөөд цаг хугацаа шаарддаг процесс юм! Ойр дотныхоо хэн нэгэн хүнийг алдах үед хүнд үгээр хэлэхийн аргагүй уй гашуу тохиодог. Хэдийгээр өөрт төрж байгаа сэтгэл хөдлөлийг үгээр илэрхийлэн гаргаж чадахгүй ч урсаж буй нулимсаараа илэрхийлэн гаргаж байдаг. Тиймээс зөвхөн томчууд гэлтгүй хүүхдүүдэд өөрсдийнхөө сэтгэл хөдлөлийг илэрхийлэн гаргах орон зайг олгох нь чухал байдаг.
Юуны түрүүнд та тэдэнд уйлахаа боль бүүр сэтгэлээр уначихна гэж хэлэхийн оронд та зүгээр л хажууд нь хамт байх нь юу юунаас илүү чухал байдаг гэдгийг санаарай. Тэр хүн уйлж байж тайвширна харин тэр үед нь хажууд нь хамт байх нь чухал байдаг юм шүү! Ойр дотныхоо хүнийг алдаагүй юм шиг санагдах бөгөөд үгүйсгэнэ! Ойр дотных нь хүн байгаа юм шиг санагдах нь хэвийн үйл явц юм. Талийгаач нь хэзээ нэгэн цагт хүрээд ирэх юм шиг санагдаж хувцас хунар, тавилгыг нь тэр чигээр нь хадгалдаг. Энэ үед тэр хүний оршихуйг үгүйлэн санагалзаж байдаг ба ямар нэгэн байдлаар өөрийнхөө сэтгэлд тээж байсан үг буюу сэтгэлийг илэрхийлэн гаргаж чадаагүй учраас харилцаагаа бүрэн дуусгаагүй мэт санагддаг.
Тэднийг хаяад өөд болсонд нь уурлаж уцаарлах, гомдох сэтгэл мэдрэмж төрдөг ба энэ сэтгэл хөдлөлөө дотроо хадгалалгүй бусдад хуваалцах нь чухал байдаг. Гашуудагсадтай хамт цагийг өнгөрүүлэх нь чухал юм! Гашуудаж буй гэр бүлийн гишүүн бүрт ялангуяа хүүхдүүдтэй хамт цагийг өнгөрүүлэн ярилцах нь чухал байдаг. Талийгаачтай холбоотой ямар сайхан дурсамжтай үеийг өнгөрүүлсэн, тэднийхээ яг юуг нь дурсан санаж байгаа тухай, хэрвээ хэлж чадаагүй чин сэтгэлийн үг байвал хэлүүлэх зэрэг нь их тусалдаг. Хүүхдүүдэд талийгаач дараа нь буцаад ирнэ, гадаад явсан гэх мэт буруу мэдээллийг өгөхгүй байх хэрэгтэй бөгөөд зөвхөн хэн нэгэн хүн өөд болох үед хүнд уй гашуу тохиодоггүй ба ээж аавууд гадагшаа түр хугацаагаар явсан ч баяртай гэж салах ёс хийх нь маш чухал байдаг.
Эсвэл ойр дотны харилцаатай байсан хэн нэгэнтэй салахаар бол баяртай гэж хэлэхгүй байх нь харилцаагаа дуусгаагүй бөгөөд ямар нэгэн байдлаар сэтгэл зүрхэндээ тэр хүнд хэлэхийг хүссэн зүйлээ хэлээгүй юм шиг санагддаг. Та гашуудаж байгаа хүмүүстэй хамт байгаагаа санаа тавилтаараа харуулаарай! Хэн нэгэн хүн уй гашууд автах үед хамт байгаагаа та олон янзаар илэрхийлж болох юм. Дуртай хоолыг нь хийж юмуу аваачиж өгөх, хэрэгтэй хоол хүнсийг нь дөхүүлж өгөх, хоолоо идэж байгаа эсэхийг асуух, хамтдаа дуртай зүйлийг нь хийх үүнд: тухайн хүн спортонд дуртай бол хамт заал авах, аялах дуртай бол хамт аялж зугаалах гэх мэт.
Та заавал тэр хүнд заавар зөвлөгөө өгөх шаардлагагүй зүгээр л хамт цагийг өнгөрүүлэх нь л тэдэнд том тусыг хүргэнэ. Гашуудах хугацаа хүн бүрт адилгүй байдаг бөгөөд энэ бол үйл явц гэдгийг санах хэрэгтэй. Хэрвээ тухайн хүн 1 жил юмуу түүнээс дээш хугацаа өнгөрсөн ч гэсэн өдөр тутмынхаа үйл ажиллагаанд орж чадахгүй гуниглах, нойргүйтэх, хоолны дуршил нэг бол ихсэх юмуу багадах, хар дарж зүүдлэх, ямар нэгэн үйл ажиллагаанд орохоос татгалзах, бусдаас өөрийгөө тусгаарлах, уурлаж уцаарлах гэх мэт шинж тэмдэгүүд илэрсэн тохиолдолд сэтгэл зүйчид хандахыг зөвлөе!