УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өчигдөр (2019.01.17) 18:56 минутад 73.7 хувийн ирцтэйгээр эхэлж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс энэ сарын 3-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы өчигдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм.
Байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасны дагуу нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын санал авсан саналуудыг төсөлд тусган хуулийн төслүүдийн эцсийн хувилбарыг бэлтгэжээ.
УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.4 дэх хэсэгт “Хууль, УИХ-ын бусад шийдвэрийн эцсийн найруулгыг энэ хуулийн 53.1.3-т заасны дагуу УИХ-д танилцуулснаас хойш УИХ-ын дарга ажлын гурван өдрийн дотор түүнд гарын үсэг зурж ёсчилно” гэж заасан. Мөн хуулийн 53.5 дахь хэсэгт хуулийн 53.4-т заасны дагуу ёсчилсон хууль, УИХ-ын бусад шийдвэрийг УИХ-ын Тамгын газар 24 цагийн дотор Ерөнхийлөгчийн Тамгын газарт илгээнэ, 53.6 дахь хэсэгт хуулийн 53.5-д заасны дагуу илгээсэн хууль, УИХ-ын бусад шийдвэрийг Ерөнхийлөгчийн Тамгын газар хүлээж авсан өдрөөс хойш ажлын таван өдөрт багтаан Ерөнхийлөгч тухайн хууль, УИХ-ын бусад шийдвэрийг бүхэлд нь буюу түүний зарим хэсэгт хориг тавих асуудлыг шийдвэрлэнэ гэж заажээ.
Иймээс Байнгын хорооны зарим гишүүд уг хуулийг 2019 оны нэгдүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх санал гаргав. Мөн Ерөнхийлөгч өөрийн санаачилсан хуульд хориг тавихгүй, иймээс хуулийг дагаж мөрдөх хугацааг гишүүдийн гаргасан саналын дагуу шийдэх боломжтой гэсэн тайлбарыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга хэллээ.
Харин УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, С.Бямбацогт, Ж.Мөнхбат нар үүссэн нөхцөл байдлыг харгалзаад хуулийн төслийг аль болох шуурхай хэлэлцэж шийдвэрлэхэд гишүүд анхаарч байгаа, иймээс нэг талаас хуулийн зөрчилд орохгүй байх, нөгөө талаас итгэлцэл ойлголцлоо бодолцоод хуулийн дагаж мөрдөх хугацааг зохицуулсан дэгийн хуулийн заалтаа мөрдөх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа хэлж байв.
Тиймээс Байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан гишүүдээс гаргасан санал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын тайлбарыг харгалзан үзээд хуулийг дагаж мөрдөх хугацааг 2019 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр гэж тогтоох дундын хувилбарыг санал болгосныг гишүүд дэмжиж, энэ саналын томьёоллоор санал хураалгахад хуралдаанд оролцсон 15 гишүүн санал нэгтэй дэмжсэн юм. Ингээд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтлоо.