Онон голын сав газрын загасчдын клубийнхэн хууль бус загасчлалын хор холбогдлын талаар нутгийн иргэдэд сурталчилсан төдийгүй голын эрэг дагуу эргүүл хяналтын ажил хийсэн байна. Үүний үр дүнд цөөнгүй хэрэг зөрчил илрүүлжээ. Хэдийгээр хууль бус загасчлалыг бууруулах чиглэлд тодорхой ажил хийж байгаа ч зөрчил буурахгүй байгаад санаа зовниж байгаагаа загасчдын клубийн гишүүд хэлж байв. Тиймээс Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийг илрүүлэх зорилготой Мэдээллийн сүлжээ байгуулахаар санал нэгджээ. Эхний ээлжинд найдвартай мэдээлэгч нарыг сонгох, хэрхэн урамшуулах талаар судлахаар болсон байна.
Түүнчлэн тэд Онон, Балж голуудын загас агнуурын бүс нутагт тэмдэгжүүлэлт хийжээ. Ингэснээр загас агнуурын бүс нутгийн талаархи иргэдийн ойлголт сайжирна гэдэгт итгэлтэй байгаа аж.
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд дээрх клубийн гишүүдтэй уулзалт хийсэн байна. Мөн загас барих зөвшөөрлийг цахимаар (EZAGAS.MN) хэрхэн авах талаар орон нутгийн цагдаа, байгаль хамгаалагч нарт сургалт явуулжээ. Цахимаар зөвшөөрөл олгох энэ системийг Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар Онон голд туршиж байгаа юм байна.