УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай болон УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Гишүүдийн олонхи уг хуулийн төслүүдийг дэмжсэн учраас эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ. Уг хуулийн төсөл батлагдсанаар УИХ-ын гишүүдийн олонхи УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлаар гарын үсгээ зурж санал гаргавал УИХ хэлэлцдэг болох юм. Чуулганы хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг хийх үеэр УИХ-ын дарга М.Энхболд үг хэлсэн юм.
Тэрээр “Сүүлийн үеийн мэдээллүүдийг харахаар миний гэр бүлийг надтай хамт буудахаар бэлтгэж байгаа юм байна. Миний гэр бүлийн хүн рүү дайрч эхэллээ. Миний эхнэр улс төрд ямар хамаатай юм бэ. Миний амьдралын улс төрийн үйл ажиллагаанд зүтгэсэн 20 гаруй жилийн хугацаанд миний гэр бүлийн хүн нэг ч удаа, юунд ч оролцож байгаагүй. Энд сууж байгаа олонхи нь түүнийг мэднэ. Миний эхнэрийг намайг хотын дарга байхад архины зөвшөөрөл олгодог байсан гэж сүүлийн гурван хоног сошиалд ярьж байна. Миний эхнэр шинэ жилээр л намайг дагаж баярт оролцдог байсан. Харин намайг хотын дарга байхад тэр архины зөвшөөрлийг чинь Ц.Нямдоржийн эхнэр хэдэн жил олгосон байхгүй юу.
Тэгэхээр андуураад байна уу, намайг зориуд гүтгээд байгаа юм уу. Би Ж.Батзандан гишүүнд хандан хэдэн үг хэлье. Батзандан гишүүн та хамгийн чанга дуугардаг, хамгийн том чүдэнз зурдаг. Гэхдээ яг асуудал үүсэхээр та цугтаагаад явдаг шүү. Жижиг дунд үйлдвэрийн тухай асуудлыг яръя гэсэн чинь картаа суглаад гараад явсан. Яриа дуусангууд картаа хийгээд суусан. Манай өрөөнд болсон үйл явдлыг харах юм бол тэнд орж ирсэн хүмүүс бүгдээрээ наануу цаан уу юм болсон. Тэр үед цэнхэр ноосон малгайгаа өмсөөд Батзандан та л хамгийн түрүүнд гараад явсан. Та манай намын байрыг шатаах үйл явцад оролцож л явсан хүн.
Өнөөдөр манай намын зарим залуустай дөрөө харшуулаад л явж байна. Аягүй бол 2020 онд манай намаас нэр дэвшинэ гэж ярьж мэднэ. Ахынхаа тухай, Хууль зүйн байнгын хорооны тухай надтай яриад өөрийнхөө намын даргын эсрэг надтай нийлээд гарын үсэг зурж байсан хүн ш дээ. Тиймээс манай залуу гишүүд хэнтэй нөхөрлөж байгаагаа бодох хэрэгтэй. 60 тэрбумын асуудлыг одоо Төрийн байгуулалтын байнгын хороон дээр яръя гэхээр чимээгүй болчихоод байгаа ш дээ. Халдашгүй байдлыг дэд хороо, бүлэг олонхиороо ЖДҮ-тэй холбогдсон гишүүдийг аваад үлдэнэ гэсэн шийдвэрийг олонхиороо түрээд гаргасан ш дээ. Одоо энэ танхимд ямар ёс зүй яриад байгаа юм бэ. Ёс зүйтэй байвал бүгд ёс зүйтэй байх ёстой шүү” гэлээ.