Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан хүнд дарамтуулаад 4 сая долларын “такс” төлсөн хэмээн мэдэгдсэн Алтан дорнод Монгол компанийн захирал Т.Ганболд энэ цагийн үеийн шударга үнэний дуу хоолой гэсэн тодорхойлолтыг өөртөө наахыг хүсч байх шиг.
Их хэмжээний мөнгөний маргаан дуулиан тарих нь гарцаагүй ч, хэний ч санаанд буумгүй ийм их хэмжээний мөнгөний нэхэл, дуулиантай нэг хүний үг үнэн байж болох уу?
Энэ асуултад хариу болох нэгэн дуулиан өчигдрөөс хойш хэвлэл мэдээллээр үзэгдэх боллоо. Энэ бол Алтан дорнод Монгол ХХК-ын экс захирал ОХУ-ын иргэн Сергей Паушокын байр суурь. Ингэхэд Паушок яагаад Монгол дахь бизнесээ санагалзав. Яагаад Монгол руу өнгийх болов оо?
Сергей Паушок “Коммерсантъ” сонины энэ оны 1 сарын 15-ны дугаарт нэгэн зарга өгүүлсэн бөгөөд үүндээ ОХУ-ын “Газпромбанк” болон тус банкны топ менежерүүдийг Нью-Йорк мужийн Дээд шүүхэд өгч, тэднээс 2.25 тэрбум доллар нэхэмжилж байгаагаа мэдэгджээ.
Паушок тус банкыг Монголын Засгийн газартай хуйвалдан, бизнесийг нь унагаасан гэж буруутгажээ. Ингэснээр 2007, 2008, 2009 онд Монголын хэвлэлүүдийн гол нийтлэл болтол бичигдэж байсан Паушок болон Алтан дорнод Монгол компани, Монголын Засгийн газартай заргалдсан маргаан бүтэн арван жилийн дараа амь орж байх шиг.
Хэрэг явдал Паушок аль хэдийнэ монголын иргэнд худалдсан Алтан дорнод Монгол компанидаа хоргоддог байж болзошгүйг бас харуулж байж мэдэх юм. Зарга тус компанийн одоогийн захирал Т.Ганболдын 4 сая доллартай холбоотой мэдэгдэл, энэхүү 4 сая долларыг дээрэмдсэн гэгдэж байгаа УЕП асан Д.Дорлигжавыг цагдан хорьсон цаг үед гарч ирж байгаа нь тохиолдлын ч хэрэг биш байж бас болох.
Паушокийн мэдэгдэл дунд анхаарч хармаар зүйл хэд хэд байгаа. Түүний нэг нь тэр иргэн Т.Ганболдод Алтан дорнод Монгол компаниа аргагүйн эрхэнд 23 сая доллараар зарсан. Бас Монголын авлигач прокурорууд… гэсэн мөр.
Тэгвэл одоо “Ардын баатар” болохоор мэрийж байгаа Т.Ганболд 300 сая ам.долларын өртэй компанийг 18 сая ам.доллараар авсан гэж ярьсан байгаа.
Наймаачин, худалдан авагч хоёрын яриаг мэдүүлэг талаас харвал энд 5 сая долларын зөрүү гарч ирж байна. Нөгөө талаар Паушокийн “Газпромбанк”-наас нэхэмжилсэн мөнгө нь өөрийнх нь ярьж байгаа 23 сая доллартай дүйх хэмжээнд очиж байна.
Дуулианд нэмээд Монголын Засгийн газрын нэр хавчуулагдсан байгаа. Хэрэг явдлыг цаг хугацааны давхцал гэж харах нь гэнэн хэрэг байж магадгүй юм. Маргаан яван явсаар төгсгөлд нь энэ бүгдийн ард Паушокийг санхүүжүүлэх, маргаанаас дахин хонжоо гаргах, төсвийн мөнгийг маргаанд алдсан нэрээр завших өөр нэг санаа, энэ санааг хэрэгжүүлэх механизм ажиллаж байгаа юм биш биз дээ!