Их Британийн Парламент BREXIT-ийн хэлэлцээрийн төслийг батлах эсэх дээр санал хураалаа. Санал хураалтаар хэлэлцээрийн төслийг дэмжээгүй нь Европын Холбоотой тохиролцохоор хоёр жил ажилласан Тереза Мэйн хувьд томоохон ялагдал боллоо.
Парламентын 432 гишүүн санал өгснөөс 202 гишүүн дэмжиж, 230 гишүүн дэмжихээс татгалзжээ. Сөрөг хүчний Хөдөлмөрийн намын тэргүүн Жереми Корбин Засгийн газарт итгэл үзүүлэх эсэхэд санал хураахыг шаардсан байна. Санал хураалт энэ лхагва гарагт болох товтой байгаа юм.
Парламентын зарим гишүүд дахин бүх нийтийн санал асуулга явуулах, хэлэлцээр хийхгүйгээр Европын Холбооноос гарах эсвэл BREXIT-ийг тэр чигт нь зогсоохыг шаардаж байгаа юм. Мөн санал хураалтын үеэр BREXIT-ийн хэлэлцээрийг эсэргүүцсэн жагсаал болсон байна.
Европын Холбооны зүгээс BREXIT-ийн хэлэлцээрийн төслийг дахин хэлэлцэхгүй гэдгээ мэдэгдээд байгаа юм. Гуравдугаар сарын 29-нд BREXIT-ийн дараа 21 сар үргэлжлэх шилжилтийн хугацаа эхэлнэ. Энэ хугацаанд Их Британийн Засгийн газар Европын Холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээр хийх юм.
Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй “Европын Холбоотой хийх худалдааны хэлэлцээрээс маш олон хүний амьдрал хамаарна. Юуны түрүүнд Засгийн газар одоог хүртэл Парламентын итгэлийг хүлээж байгаа гэдгийг онцолмоор байна.
Сөрөг хүчний дэвшүүлж байгаа саналын дагуу итгэл үзүүлэх эсэхэд санал хурааж болно. Түүнчлэн гуравдугаар сарын 29-нд Европын Холбооноос гарах хугацаа тун ойртоод байгаа энэ үед Засгийн газар ямар нэг шийдэлд хүрээгүй байгаад иргэдийн санаа зовниж байгаа байх. Гэхдээ бид сайн хэлэлцээр хийх хамгийн зөв арга зам олно гэдэгт итгэлтэй байна” гэж мэдэгдлээ.
Харин сөрөг хүчний Хөдөлмөрийн намын тэргүүн Жереми Корбин “Хоёр жилийн турш хэлэлцсэний эцэст Парламент BREXIT-ийн хэлэлцээрийн төслийг дэмжсэнгүй. Парламентын дэмжлэг аваагүй байхад хүртэл Тереза Мэй хэлэлцээрийн төслөө хамгаалсаар байна. Бизнес эрхлэгчид гааль, худалдааны асуудлыг илүү тодорхой болгохыг хүсэж байгаа. Тиймээс одоо бид Засгийн газарт итгэл үзүүлэх эсэхэд санал хураах хэрэгтэй” гэсэн байна.
Их Британи Европын Холбооноос гарах нь эдийн засгийн өсөлтийг сааруулах эрсдэлтэй байгааг шинжээчид анхааруулж байна. Харин хэлэлцээр хийхгүйгээр Европын Холбооноос гарвал эдийн засаг нь 9.3 хувиар агших тооцоо гарсан байна. Энэ нь хэлэлцээр хийж Европын Холбооноос гарснаас илүү тааруу үзүүлэлт болох юм.