Орхон аймгийн Засаг даргын захирамж гарч ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг 1-р сарын 15-ны өдрөөс эхлэн 14 хоногийн хугацаатай түр зогсоохоор шийдвэрлэлээ. Уг захирамжинд Орхон аймгийн хэмжээнд Томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэж, 2019 оны 2 дугаар долоо хоногийн мэдээгээр амбулаторийн үзлэгийн 17,8 хувийг эзлэж байгаа тул өвчний тархалтыг бууруулах, халдварлах эрсдлийг багасгах зорилгоор ерөнхий боловсролын болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг түр зогсоосугай гэжээ.
Мөн аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй цахим тоглоом, үзвэр үйлчилгээ, олон нийтийг хамарсан арга хэмжээг мөн хугацаанд түр зогсоохыг сумын Засаг дарга нарт үүрэг болгосон байна. Дээрх хугацаанд бага насны хүүхдээ асран хамгаалах, томуу томуу төст өвчнөөр өвчилсөн 0-5 хүртлэх насны хүүхдээ эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, гэрээр асрах шаардлагатай эцэг эхчүүд, асран хамгаалагч нарт цалинтай чөлөө олгохыг төрийн байгууллагын удирдлагуудад даалгажээ.