Хотын дарга хэн болох нь ер нь бол тодорхой болчихсон байгаа. МАН-ын дарга У.Хүрэлсүх, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар одоогийн НИТХ-ын дарга С.Амарсайханг зүтгүүлсээр Удирдах зөвлөлөөрөө дэмжүүлж чадсан. Өнөөдөр болох НИТХ-ын хурлаар С.Амарсайханг хотын даргаар томилно. Нөгөө талаар энэ удаагийн хотын даргын томилгоо, тохирцоо тийм ч амар байгаагүй.
Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар өөрийн хүнээ зүтгүүлсэн ч тэр ялагдаж, намын даргынх нь тал ялсан. Тэрээр удирдах зөвлөлийн хурал дээр “Би нийслэлийн МАН-ыг авах гэж ямар их хичээл зүтгэл гаргалаа. Тиймээс хотын даргад өөрийн хүнийг томилох хүсэлтэй байгаагаа ч илэрхийлсэн байдаг. Гэсэн ч түүний хүсэл талаар болж энэ асуудлаас болж МАН-ын дарга У.Хүрэлсүх, Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар нарын дунд үл ойлголцох байдал ч үүссэн юм билээ. Д.Сумъяабазар анхнаасаа Баянзүрх дүүргийн Засаг дарга, Хотын даргын орлогч асан Д.Мөнхбаатарыг зүтгүүлж эхэлсэн байдаг.
Гэсэн ч Д.Мөнхбаатар нэрээ татаж, Барилга,хот байгуулалтын дэд сайд болсон. Д.Сумъяабазарын дараагийн дэмжиж дэвшүүлсэн хүн нь нийслэлийн МАН-ын бүлгийн дарга Р.Дагва байсан. Р.Давгыг эрх баригч намын удирдах зөвлөл нь Хотын даргад дэмжээгүй. Тэгэхээр нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар ууртай байх нь аргагүй. Одоо С.Амарсайхан хотын дарга болчихвол Нийслэлийн МАН-д НИТХ-ын дарга гэсэн суудал гарч ирнэ.
Энэ албан тушаал дээр Д.Сумъяабазарт өөрийн хүнээ томилох боломжтой. Тэгвэл өчигдөр болсон МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар Р.Дагвыг НИТХ-ын даргад дэмжжээ. Р.Дагва нь 1966 онд төрсөн. МУИС, ИЗОУИС, Удирдлагын академи тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй. Тэрээр МҮОНРТ-ээс хөдөлмөрийн гараагаа эхэлсэн бөгөөд НЗДТГ-т Хэвлэл, мэдээллийн албаны дарга, СХД-ийн Орлогч даргаар тус тус ажиллаж байсан юм байна.
Т.БАТСАЙХАН
Эх сурвалж: