Үндэсний статистикийн хорооноос боловсролын салбарын статистик мэдээг гаргасныг танилцуулж байна. Бүх шатны сургуульд суралцагчид 2018/2019 оны хичээлийн жилийн эхэнд 1.0 саяд хүрч, өмнөх оноос 28.6 (2.8%) мянгаар өсчээ. Улсын хэмжээнд 2018/2019 оны хичээлийн жилд 1435 цэцэрлэгт 261.3 мянган хүүхэд хүмүүжиж байгаа нь өмнөх оноос цэцэрлэгийн тоо 19 (1.3%)-өөр, хүүхдийн тоо 4.6 (1.8%) мянгаар тус тус нэмэгдсэн байна.
Цэцэрлэгийн бүлгийн тоо 7903 болж, өмнөх оноос 95 (1.2%)-аар нэмэгджээ. Ерөнхий боловсролын 803 сургуульд 2018/2019 оны хичээлийн жилд 593.2 мянган сурагч өдрөөр суралцаж байгаа нь өмнөх оноос сургуулийн тоо 5 (0.6%)-аар, суралцагчид 20.4 (3.6%) мянгаар нэмэгджээ. Нийт суралцагчдын 327.0 (55.1%) мянга нь 1-5 дугаар ангид, 184.0 (31.0%) мянга нь 6-9 дүгээр ангид, 82.2 (13.9%) мянга нь 10-12 дугаар ангид суралцаж байна. ЕБС-ийн нэгдүгээр ангид 2018/2019 оны хичээлийн жилд 72.2 мянган хүүхэд элсэн орсон нь өмнөх оноос 4.3 (6.3%) мянган хүүхдээр нэмэгджээ. Дотуур байранд нийт 34.7 мянган сурагч амьдарч байгаагийн 17.9 (51.6%) мянга нь эмэгтэй, 26.4 (76.1%) мянга нь малчдын хүүхэд байна.
2018/2019 оны хичээлийн жилд мэргэжлийн боловсрол, сургалтын 86 байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагийн 51 нь төрийн өмчийн, 35 нь хувийн өмчийн сургууль байна. Нийт сургуулийн 52 нь бие даасан, 18 нь коллежийн, 5 нь дээд сургуулийн, 11 нь их сургуулийн харьяа байна. Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад суралцагчид 2018/2019 оны хичээлийн жилд 37.0 мянга болж, өмнөх оноос 1.2 (3.4%) мянгаар нэмэгджээ.
2018/2019 оны хичээлийн жилд нийт 94 их, дээд сургууль, коллеж үйл ажиллагаа явуулж байгаагийн 18 нь төрийн өмчийн, 73 нь төрийн бус өмчийн, 3 нь гадаадын их сургуулийн салбар байна. Улаанбаатар хотод 86, хөдөө орон нутагт 8 их, дээд сургууль, коллеж үйл ажиллагаа явуулж байна. Их, дээд сургууль, коллежид 157.6 мянган оюутан суралцаж байгаа нь өмнөх оноос 2.4 (1.5%) мянгаар өссөн байна. Их, дээд сургууль, коллежид суралцагчдын 130.5 (82.8%) мянга нь бакалаврын түвшний сургалтанд хамрагдаж байна. Цэцэрлэг (33), ерөнхий боловсролын сургууль (20)-ийн нэг багшид ногдох суралцагчийн тоо 2018/2019 оны хичээлийн жилд өмнөх онтой ижил түвшинд байна. Харин мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн нэг багшид ногдох суралцагчийн тоо 2018/2019 оны хичээлийн жилд 15 болж, өмнөх оноос 1-ээр буурч, харин их, дээд сургууль, коллежийн нэг багшид ногдох суралцагчийн тоо 23 болж, өмнөх оноос 1-ээр нэмэгдсэн байна.