Мансууруулах бодис хилээр хууль бусаар давуулахыг оролдсон хэргээр Канадын иргэнд БНХАУ-ын Далэнь хотын дунд шатны шүүх цаазын ял оноожээ. Хятадад хар тамхины хэргээр баривчлагдсан Канадын иргэн Роберт Ллойд Шелленбергт өнгөрөгч арваннэгдүгээр сард 15 жил хорих ял оноосон боловч ялыг хөнгөдсөн хэмээн үзэж, дахин шүүх шийдвэр гаргасан байна. Харин өчигдөр /2019.01.14/ Хятадын Ляонин мужийн Далэнь хотын дунд шатны шүүхээс Шелленбергт “мансууруулах бодисын наймаанд оролцсон” хэргээр цаазын ял оноосныг “Синьхуа” агентлаг мэдээлэв.
Гэхдээ түүнд мужийн дээд шүүхэд дахин давж заалдах эрх байгаа аж. БНХАУ, Канад хоёрын харилцаа маш тогтвортой, тэр дундаа худалдаа, аялал жуулчлалын салбарт сайн байсан боловч сүүлийн нэг сарын хугацаанд эрс доройтоод байгаа юм. Тухайлбал, БНХАУ-ын мэдээлэл технологийн “Huawei” компанийн санхүү хариуцсан захирал Мэн Ваньжоуг АНУ-ын хүсэлтээр Канадын хууль сахиулагчид арванхоёрдугаар сард баривчилсан.
Үүгээр ч зогсохгүй Канадын хоёр ч дипломат ажилтныг Бээжинд баривчлагдаад байгаа юм. Харин шинжээчдийн үзэж байгаагаар Канадад дипломат шахалт үзүүлэх зорилгоор БНХАУ иргэнд нь цаазын ял оноосон аж. Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо өчигдөр сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ Шелленбергт цаазын ял оноосныг буруушаан, түүнийг суллуулахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авна гэв.
Эх сурвалж: NHK