Монгол түмний уламжлалт сар шинийн баяр болоход сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Баярын ширээг чимэх хүнсний бүтээгдэхүүн болон бэлэгний төрлийн бараа оруулж ирэхээр БНХАУ-ын Эрээн, Бээжин хотыг зорих зорчигдчын тоо ч сүүлийн өдрүүдэд эрс нэмэгджээ. Тиймээс иргэдийг хохироох аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг хүргэж байна.
Өмнөх жилүүдэд галт тэрэгний “шаг”-ийн буюу иргэний гар дээрээс худалдан авсан хүчингүй билет иргэдийг хохироох явдал цөөнгүй гарч байсан юм. Галт тэргээр зорчих билетийг заавал иргэний үнэмлэхээ шалгуулж авдаг бөгөөд эргээд зорчихдоо мөн иргэний үнэмлэхээ шалгуулдаг гэдгийг мэдэхгүйгээс иргэд санхүү болон цаг хугацаагаараа хохирох явдал их гардаг.
Энэ мэт эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс Тээврийн цагдаагийн албаны Төмөр дахь цагдаагийн газар “Цагаан сар-2019” арга хэмжээг зохион байгуулж, эргүүлийн цагдааг 24 цагаар ажиллуулж байгаа юм байна. Энэхүү арга хэмжээний дүнд гар дээрээс билет борлуулах үйлдэл буурчээ.
Мөн иргэд галт тэргээр үйлчлүүлж байхдаа эд зүйлээ хулгайд алдахаас сэргийлж, сонор сэрэмжтэй байх, галт тэргэнд бууж, суух үедээ ачаа тээшээ мартахгүй байх, шөнө оройн цагаар галт тэргэнд унтаж амрахдаа өөрийн эд зүйлээ ил задгай орхихгүй байхыг анхааруулж байна.