Манай улсын зарим аж ахуйн нэгжийн БНХАУ-аас оруулж ирсэн гахайн маханд тус улсад дэгдээд байгаа мялзан өвчний шинж тэмдэг илэрсэн бололтой. Хятадад өнгөрсөн арваннэгдүгээр сараас гахайн мялзан өвчин гарч эхэлсэн. Хятад улсын хэмжээнд африкийн гоц халдварт гахайн мялзан өвчин гарсантай холбогдуулан зарим мужуудад хорио цээр тогтоогоод байгаа юм. Манай улсын хувьд Дундговь, Булган, Төв зэрэг аймгуудад мал амьтны гоц халдварт гахайн мялзан өвчний шинж тэмдэг илрээд байгаа юм.
Өнгөрсөн долоо хоногт Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Хятадаас гахайн мах импортлож байгаа 10 гаруй аж ахуй нэгжийн агуулахад байгаа гахайн махнаас дээж авч лабораторийн шинжилгээ хийжээ. Шинжилгээгээр тус аж ахуйн нэгжийн оруулж ирсэн гахайн махнаас гахайн мялзан өвчний шинж тэмдэг илэрсэн байна. Гахайн мялзан өвчин нь хавьтлын замаар халдварладаг, өндөр халуурал, цус төлжүүлэх эрхтний гэмтэл, уушиг, бүдүүн гэдэсний нэвчдэст үрэвсэлээр илэрдэг гоц халдварт өвчин бөгөөд бүх насны гахай мэдрэмтгий ба ялангуяа өсвөр насны гахай өвчилсөн тохиолдолд толгой дараалан үхэх эрсдэлтэй ажээ.
Энэ өвчин хүнд халдахгүй боловч гахайн мах, өөх агуулсан түүхий болон хагас бэлэн хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэхдээ сайтар анхаарах хэрэгтэйг мэргэжлийн байгууллагуудаас сэрэмжлүүлж байна.
Булган, Төв, Орхон зэрэг аймгуудад гахайн мялзан өвчин хурдацтай тархаж байгаа талаар эх сурвалжаас мэдээлж байна. Мөн нийслэлийн зарим дүүргээс ирүүлсэн дээжинд хийсэн шинжилгээгээр гахайн мялзан өвчний вирусын генийн өвөрмөц хэсэг илэрчээ. Тодруулбал, Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн шинжилгээгээр нийслэлийн Баянгол, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргээс ирүүлсэн дээжинд гахайн амталсан мах болон хоолны үлдэгдлээс гахайн мялзан өвчний вирусын генийн өвөрмөц хэсэг илэрсэн байна.
Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас дараах зөвлөмжийг гаргажээ. Үүнд, гарал үүсэл нь тодорхойгүй гахайг бусад гахайтай нийлүүлэхгүй байх, гахайн аж ахуй гахайн байр, хашааг сайтар цэвэрлэж, тогтмол халдваргүйтгэл хийх, тэжээвэр гахайг хүн амын хөдөлгөөн ихтэй хот суурин газраар бэлчээхгүй байх, гахайн хашаа болон хоол тэжээлийн ялгадастай харьцсаны дараа хувийн ариуц цэврийг сайтар сахиж, гутал хувцасыг халдваргүйтгэхийг зөвлөж байна.