Дэлхийд алдартай “Next Top Model” шоуны Монгол дахь хувилбар албан ёсоор хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа билээ. Тус тэмцээнд оролцож шилдэгт шалгараад байсан загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ амиа алдсан хэрэг гарсан нь нийгмийг тэр чигээр нь цочирдуулсан үйл явдал болсон бөгөөд тус хэрэгтэй холбоотой олон таамаг олон нийтийн дунд байсаар байна.
Тухайлбал оролцогч О нь түүний үхэлтэй ямар нэг байдлаар холбоотой байж болзошгүй, тус телевиз нэвтрүүлэгт монтаж хийж байна зэрэг мэдээллүүд “Боловсрол” телевизийнхнийг багагүй сандаргасан бөгөөд тэд өөрсдийн youtube сувгаас тус нэвтрүүлгийн хоёрдугаар улирлын бүх дугаарыг устгажээ.
Одоогийн байдлаар нэвтрүүлгийн хамт олон үүнд ямар нэгэн тайлбар хийгээгүй байгаа бөгөөд үзэгчдийн зүгээс финалын шатны нэвтрүүлэгт ямар нэгэн будлиан орох гэж байж болзошгүй хэмээн хардаж буйгаа талийгаачийн ах Ч.Гэрэлхүүгийн фэйсбүүк хуудаснаа илэрхийлсээр байгаа ажээ. Учир нь шилдэг таван оролцогчийн Буриад улс дахь дугаар өнгөрсөн долоо хоногийн Ням гарагт гарах байсан ч гаралгүй оролцогч охидын яриагаар өндөрлөсөн бөгөөд энэ нь мөн л олны хардлага төрүүлэх үйл явдал болсон бололтой.
Эх сурвалж: factnews.mn