Өнгөрсөн оны сүүлийн улиралд өрнөсөн улс төрийн бужигнаан гол зангилаагаа өнгөрөгч долоо хоногт тайлах шиг болов. Удтал саатсан УИХ-ын Байнгын хороод, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийн эрхийг түтгэлзүүлэх асуудал, УЕП-ын чуулганы танхимд хийсэн мэдэгдэл, тайлбарууд…
Нэмээд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслүүд, УИХ-ын гишүүдийн дуудлагаар Төв талбайд болсон цуглаан энэ бүхэн эрх баригч МАН-ын фракцуудын төсвийн мөнгийг халаасны мөнгө шиг цацсан хэргийг илчлэх, нуун далдлах гэсэн зөрчлөөс үүдэлтэй. Бужигнааны ард энэ хөндүүр сэдэв халхлагдаж байсан гэдэг нь улам тодорхой боллоо.
Эрх баригч намынхны татвар төлөгчдийн мөнгийг залгисныг нотлох баримтаа нууцлах хүслийг дагаад тал талд, өөр өөр өнгийн улс төр өрнөж байсан гэдгийг иргэд нийтээрээ харцгаах шиг болов.
Хуралдаан нь тасалдсан парламент, Байнгын болон дэд хороодын гэнэтийн хөдөлгөөн Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслүүдтэй холбоотой байв. Төслүүдийг УИХ хүлээн авч, тэр тусмаа УИХ-ын дарга “Ерөнхийлөгчийн хуулийн төслийг дэмжинэ” гэж хэлсэн үгээрээ М.Энхболд чуулган даргалах ажлаасаа татгалзаж буйгаа ч битүүхэн ойлгууллаа гэж үзэж болох юм.
Хуралдаанууд гэхдээ тийм ч амар эхэлсэнгүй. Эрх баригч намын УИХ дахь бүлгийн хуваагдал хурлуудыг тодорхой цагаар хүлээлтэнд оруулж байв. Тэд аль нэг талынхаа нүүдлийг харж, анасан шинжтэй, асуудлуудыг өөрт ашигтай байдлаар шийдэхийн тулд зохиомол хүлээлтийг бий болгосон гэж хэлж ч болно.
ТӨРИЙН ГАЦААНЫ ГОЛ ЗАНГИЛАА НЬ ЖДҮ-ЧДИЙН ХЭРЭГ
Парламент хөдөлгөөнд орсныг мэдэрсэн УЕП-ын газар УИХ-ын Тамгын газарт дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах хүсэлтийг өгч амжлаа. Гишүүдийн эрхийг түтгэлзүүлэх мэдээ удаан хугацааны турш яригдсан нь хоосон дуулиан биш байсныг энэ үйл явдал харуулав.
Пүрэв гарагт ҮАБЗ хуралдаж, Ерөнхийлөгчийн УИХ-д өргөн барьсан хуулийн төслүүдийг нэн яаралтай хэлэлцэхээр тогтсон нь парламентын түүхэнд гарч байгаагүй асуудлаар бүртгэгдэж байна.
Энэ хурлын дараа ҮАБЗ-д үйлдэгдсэн албан бичиг онлайн орчинд хурдтай тархсан. Улс төрийн хийрхэл, улайрал хоёр нийлэхээрээ Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийнхөө мэдээллийг хүртэл гаргаад шидэх зориг оруулахад хүргэсэн бололтой. Энэ асуудал өөрөө төрийн хамгийн том эмгэнэлд тооцогдох болов уу.
Хөдөлгөөн гишүүдийг УИХ-ын даргаа огцруулах ажил руу ханцуй шамлуулж, тэд хамгийн түрүү Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслүүдийг парламентаар хэлэлцүүлэх гэж яарч байв. Хурлын ирцүүд огцруулах, чөлөөлөх тухай ярина гэхэд дүүрч байсан бол ЖДҮХС-ийн асуудал дээр тэд тун хойрог хандсан гэж болно.
Эндээс ерөнхийдөө ЖДҮ-ийн эрхийг түтгэлзүүлэх амаргүй асуудал чуулганд орж ирж, сандаргах гээд байснаас хуралдаануудыг ямар нэгэн аргаар саатуулан тогтоох хүсэл тодорхой гишүүдэд, ялангуяа ЖДҮ-чдэд байсан гэдэг хараад авах шиг болов.
ГИШҮҮД ГЭМТ ҮЙЛДЛЭЭ НУУХЫГ ХҮССЭН Ч ИРГЭД МЭДЭХ ЭРХТЭЙ ҮЛДЛЭЭ
Хоёр өдөр дараалан шөнө дөл хүртэл өрнөсөн хурлууд жирийн бизнесмэнүүд, жинхэнэ ЖДҮ-чдийн боломжийг хэн, яаж боомилсон бэ гэдэг асуудалд тодорхой хариултуудыг өглөө. Хуралдаануудыг УИХ-ын гишүүд хаалттай хийхээр зүтгэсэн ч, азаар иргэд улстөрчдийн луйвар булхай яаж явагддагийг мэдэх эрхтэйгээ үлдэж чадав.
Гэсэн хэдий ч эрх баригч МАН-ын гишүүдээс голдуу бүтсэн парламент Б.Ундармаа, Г.Солтан, Л.Энхболд, Д.Дамба-Очир нарын гишүүдийн бүрэн эрхийг түтгэлзүүлэх Прокурорын байгууллагын шийдвэрийг дэмжсэнгүй. Ангийнхан нь ЖДҮ-чин дөрвөн гишүүнээ Б.Батзоригийн нэгэн адил Прокурорын байгууллагын мэдэлд шилжүүлсэнгүй авч үлдлээ.
Парламентын энэ шийдвэр Монголын улс төрд хариуцлагын салхи сэвэлзэх үү, үгүй юу гэсэн нийгмийн хүлээлтэд хариу болж очих ёстой байсан. МАН-ын УИХ дахь бүлгийнхэн харин гишүүдийнхээ улсын төсвийн хөрөнгийг халаасны мөнгө шигээ зарцуулсан явдлыг өөгшүүлж, хариуцлагын тухай ярихгүй гэсэн шулуухан шийдвэрийг гаргаад байна.
Ерөнхий прокурор гишүүдэд ЖДҮ-д холбогдсон нэгнээ аваад үлдэх нь хуулийн байгууллагын үнэнийг тогтоох ажилд учруулж буй саад шүү. Жирийн иргэн, УИХ-ын гишүүн хоёрыг шалгана гэдэг өөр. Гишүүдийг шалгахаар саад учирдаг болохоор УИХ-ын гишүүнээс түтгэлзүүлэх гэж байна гэж хэлээд ч дийлсэнгүй. Ингэснээрээ МАН сонгогчдыг улам бүр нүүрээ буруулах алхам руу түлхэлээ.
ПАРЛАМЕНТ БОЛ ШУДАРГА БУСЫН ХОНГИЛ БИШ
Шөнө дөл хүртэл үргэлжилсэн хурлууд олон улстөрчийн багийг тайлав. Хамгийн шударга гэж үнэлэгддэг сайд Ц.Нямдоржийн баг ч мөн хууларлаа. УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороог даргалдаг энэ сайд ЖДҮ-чин гишүүдээ “Тэд нэг, нэг удаа АТГ-т мэдүүлэг өгсөн. Шалгалтын ажиллагаанд саад учруулаагүй. Тиймээс эрхийг нь түдгэлзүүлэх шаардлагагүй” хэмээн өмгөөлсөн байгаа.
Үүнээс гадна шалгагдаж буй Л.Энхболд гишүүн “Өнөөдөр би бүрэн эрхээсээ татгалзвал шударга бусын хонгил цаашаа явна. Тэгвэл олон бизнесмэн, улстөрч хохирох нөхцөл үүснэ” гэлээ.
ЖДҮХС-д 1,041 материал орж иржээ. Тэднээс шаардлага хангахгүйг хасаад 431 төсөл үлдсэн. Эдгээрийг дахин шүүгээд 134-т нь зээл олгосон юм байна. Зээл авсан 134 төслийн эзэд эрх түтгэлзүүлэх асуудал яригдсан бас хараахан хөндөгдөөгүй УИХ-ын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнууд юм.
Эндээс материал бүрдүүлэлт дутуу, жижиг дунд үйлдвэрээр бүртгэгдээгүй хэрнээ зээл авсан. Барьцаагүй хэрнээ зээл авсан. Зээлээ өөр зүйлд ашигласан гишүүдийн асуудал түрүүлж оруулж ирсэн гэж УЕП мэдэгдсэн.
Л.Энхболд гишүүн гэхэд албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад нөлөөлж авсан зээлээрээ бусдаас зээлсэн мөнгөө төлсөн гэж байгаа. Ийм үйлдлүүд нь гэмт хэргийн шинжтэй байна гэдгийг хуулийнхан тайлбарласан.
Үйл явдал хууль тогтоогчид, парламент дотор ямар нэгэн шударга бусын хонгил нээгдчихээ юу гэсэн асуултыг олон хүнд төрүүлсэн бай. ЖДҮ-гийн асуудал зөвхөн зээл биш. Төрийн өндөр албан тушаалтнууд төсвийн мөнгийг хувьдаа завшсан хэргүүдээс хамгийн олныг хамарсан, баримт нь ил болсон гэмт үйлдэл. Эзэд нь харин хонгилд бөөгнөрч, нэг нэгнээ авраад үлдлээ.
УЛС ТӨР ХИЙХИЙН ТУЛД ХУДЛАА Ч ХАМААГҮЙ ЦУУРХАЛ ДЭГДЭЭДЭГ…
МАН-ын бужигнаантай зэрэгцэн АН бага багаар улс төрийн тоглолт хийж байгаа. Өнгөрөгч долоо хоногт УИХ дахь АН-ын бүлэг УИХ өөрөө тарах болон ээлжит бус сонгууль товлон зарлах тухай тогтоолын төсөл боловсруулж гишүүдийн гарын үсэг цуглуулж эхэлсэн.
Гарын үсэг цуглуулах самбар УИХ-ын чуулганы танхимын үүдэнд байрласан бөгөөд самбарт арваад гишүүн гарын үсэг зураад байна. Төрийн ордны улс төр иймэрхүү байсан пүрэв гарагт Төв талбайд жагсаал боллоо. МАНАН-гийн эсрэг, М.Энхболдыг огцруулах гэсэн тодотголтой энэ жагсаалын дараа суулт зарлана гэж зохион байгуулагч УИХ-ын гишүүд мэдэгдээд байсан юм.
Бас 250 орчим хүн өсгөлөн зарлахад бэлэн гэцгээсэн. Жагсаал зохион байгуулагчид Төв талбайн урд талын авто машины зогсоолд 35 шинэ гэр барьсан. Төлбөртэй зогсоолд жагсаалын гэрүүдийг эгнүүлсэн хүмүүс энэ арга хэмжээндээ мөнгө хайрлаагүй бололтой юм.
Л.Болд гишүүн гэхэд “Энэ гэрт суугаад ажлаа хий, дараа нь гэрээ үнэгүй аваарай” хэмээн аархаж, тэрхүү бичлэг нь олон нийтийн сүлжээгээр цацагдаж орхив. Мөн түүний УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг жагсаалыг цэрэг хөдөлгөн дарах гэж байсан гэж хэлсэн мэдэгдэл нь гүтгэлэг болж хувирсан.
Тиймдээ ч үүнийхээ төлөө өөрөө Ж.Мөнхбатаас уучлал гуйж, улстөрчид улстөр хийхийн тулд худлаа ч хамаагүй цуурхал дэгдээдэг болохыг нотолсон муу жишээг нэгээр нэмлээ.
Төв талбайд жагсаал болсон пүрэв гарагт жагсаал зохион байгуулагч УИХ-ын гишүүд М.Энхболдтой уулзахаар Төрийн ордон дахь албан өрөөнд орсон байдаг. Энэ үеэр тэд мөн л шуугиан тарьж, Төрийн тусгай хамгаалалтад байдаг УИХ-ын даргынхаа биед халдах гэж оролдсныг Тамгын газрын дарга нь мэдээлж байв.
Харин Баасан гарагийн шөнө УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ахин уучлал гуйж “Жагсаал эхэлсэн өдөр би УИХ-ын дарга М.Энхболдыг өрөөнөөс нь чирч, талбай руу гаргах оролдлого хийгээд Төрийн тусгай албаныхантай тулгарсан гэдгээ хүлээн зөвшөөрлөө.
Үүнээс гадна энэ өдрүүдэд гишүүдийн нэг нь прокурорын байгууллага руу утас цохиж “УИХ-ын гишүүнийг шалгадаг чи хэн бэ, ална” гэж хэлснийг Ерөнхий прокурор Төрийн ордноос мэдээлсэн. Монгол Улсын Ерөнхий прокурор “Тэр хүний асуудлыг удахгүй оруулж ирнэ” гэж нэмж хэлсэнийг бодоход дарамтлагч этгээд бас нэг ЖДҮ-чин гишүүн болж тараад буй.
Энэ мэт арай дэндсэн мэдээлэл, гүтгэлэг, Төрийн тусгай хамгаалалтай албан тушаалтны бие, эрх чөлөөнд халдахыг завдсан үйлдлийг УИХ-ын гишүүд гаргав. Өөрөөр хэлбэл, олон нийтийн сэтгэл зүйд таагүй сэтгэгдэл төрүүлэх, сөрөг нөлөө үзүүлэх муу юм бүхэн УИХ-ын гишүүдээс гарлаа. Үндсэндээ өнгөрөгч долоо хоног УИХ-ын гишүүдийн маскыг сайтар хууллаа.
ИЧИЖ, ЭМЭЭДЭГГҮЙ ГИШҮҮДТЭЙ УИХ ТАРАХ НЬ ХАМГИЙН ОНОВЧТОЙ ХУВИЛБАР
Намынхаа нэр хүндээр дэнчин тавин “зодолдож” байгаа эрх баригч МАН-д шатахууны болон валютын ханшны өсөлтийг даган хямарсан иргэдийн амьдрал огтын сонин биш байх шиг.
УИХ-ын чуулганаар ХХААХҮЯ, ЗТХЯ, БСШУСЯ гэсэн гурван яамны сайд нарыг чөлөөлөх, томилох хуулийн хугацаа өнгөрсөн бол баасан гарагт Ч.Улаан хоёр сар хүлээсэн томилолтоо албажууллаа. Үүнээс гадна Засгийн газар өнгөрсөн долоо хоногт хэд хэдэн томилгоо хийж ХЗДХ болон БХБ-ын яамдыг дэд сайдтай, ЗТХ-ийн болон Эрүүл мэндийн яамыг Төрийн нарийн бичгийн даргатай болгоод байна.
Гэсэн хэдий ч дийлэнх нь ЖДҮ-ийн зээлтэй, гэмт хэрэгт шалгагдсан, ичиж эмээдэггүй гишүүдтэй, нийгэмд буруу үлгэр үзүүлэгч УИХ одоо өөрөө тарахыг олон нийт хамгийн оновчтой гарц гэж үзэж байна.
Дотоод зөрчлөө хяналтаас гаргасан МАН нийслэл хотоо даргатай болгож амжсангүй. Нийслэлийн асуудал түгжээтэй хэвээр байна. Хотын даргаар МАН-ын Удирдах зөвлөл С.Амарсайханы нэрийг дэвшүүлсэн ч өнгөрөгч долоо хоногт түүнийг НИТХ-ын гишүүд хүлээж авсангүй.
Засаг даргыг томилох хурал ирцгүй болж, С.Амарсайхан НИТХ дахь намын бүлгээсээ ч АН-ын бүлгээс ч дэмжлэггүй гэдгээ харуулав. Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус хуралдаан нэгдүгээр сарын 16-нд товлогдоод байгаа. Энэ хурал одоо ямар шийдвэр гаргах нь сонин байгаа юм.
УЛСЫН ЕРӨНХИЙ ЯЛЛАГЧ АСАН ЯЛЛАГДАГЧААР ТАТАГДАВ
Даваа гарагт АТГ-аас УЕП асан Д.Дорлигжав болон түүний дүү Д.Баатар нарын гэр мөн ажлын байранд нэгжлэг хийсэн нь улс төрд өрнөсөн бас нэг дуулиант үйл явдал мөн.
Арваад жилийн өмнө нийгэмд томоохон шуугиан дэгдээсэн Алтан дорнод Монгол компанийн зарга дахин өндийж, энэ компанийн захирал Т.Ганболд Д.Дорлигжавыг УЕП байхдаа өөрийг нь дарамтлаад шоронд хийсэн. Тэгээд дөрвөн сая ам.доллар авч, төрсөн дүүгийнхээ данс руу шилжүүлээд сулласан гэсэн ноцтой мэдээг тараасан байгаа.
Түүний хэлснээр энэ компанийг Ерөнхий прокурор асан дүүдээ авч өгөх санаатай байсан ч өрсөөд авчихсан учраас Т.Ганболд Хууль зүйн сайд, Ерөнхий прокурор асанд ёндоо, такс төлөхөд хүрсэн гэнэ.
Ийм адармаатай, дуулиант мэдээний дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан АТГ даваа гарагийн үүрээр Хууль зүйн сайд, Ерөнхий прокурор асныг төрсөн дүү болон хамтрагч Ч.Бямбаа нарыг Ганц худагт хориод байна.
Дуулиан өөрөө жирийн юм биш. Хэрвээ Д.Дорлигжав буруудвал Монголын нийгмийн авлига дарамтын хэмжээ тодорхой болно. Т.Ганболд хүн гүтгэсэн бол зохих шийтгэлээ амсах нь тодорхой биз ээ.
Үүнийг даган сөхөн хөндөхгүй байхын аргагүй нэг сэдэв үүссэн. Энэ нь тэдний хооронд болсон гэх хууль бус сая, сая долларын гүйлгээг “Голомт” банк хийсэн. Бас хуурамч албан бичиг гаргаж өгсөн гэх мэдээ. Энэ бүгдийг Голомт банкны удирдлагууд Ерөнхий прокурорын шахалтаар үйлдсэн гэх мэдээлэл ч бас яригдаж байна.
Олон зуун мянган харилцагчийн итгэлд тулгуурлаж үйл ажиллагаа явуулдаг банк харин бохир мөнгө, авлига дарамтын өгөө авааг эргэлдүүлсэн үү гэсэн асуултад тайлбар өгсөнгүй. Хэрвээ тус банк энэ үйл явдал дээр амаа үдүүлсэн хэвээр байх аваас банкны нэр хүнд цаашлаад харилцагчдынхаа итгэл үнэмшлийг алдах аюултай тулгарч мэдэх юм.
Эх сурвалж: ikon.mn