Индонез Улсын Авлигатай тэмцэх газрын удирдлагууд болох Агус Рахарджо, Лаоде Сиариф нарын гэрт өнгөрсөн Лхагва гарагт (2019.01.09) тэсрэх бөмбөг байрлуулсан байсныг олж илрүүлжээ.
Эхний байдлаар ноён Лаодегийн гэрт “Молотов коктель1” дэлбэрсэн байж болзошгүй байна. Молотов коктель буюу Molotov cocktail гэдэг нь гал тавихад зориулан шилэн лонхонд бензин зэрэг шатах, дэлбэрэх зүйлсийг хийсэн тэсрэгч юм.
Үндэсний цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч, Бригадын генерал Деди Прасетео “Бид шилний хэлтэрхийнүүд болон утаа суунаглаж байхыг олсон. Одоогийн байдлаар Молотов коктель эсвэл өөр төрлийн тэсрэх бодис байсан эсэхийг тогтоож амжаагүй байна” гэжээ.
Жакарта Постын мэдээлж буйгаар тэсрэх бодисын мэргэшсэн ажилтан Лхагва гарагийн өглөөний 5:30 цагт ноён Агусын гэрийн хашаанаас хар цүнх өлгөөтэй байгааг олсон аж. Уутнаас тэсрэгч бодис, кабель бүхий гар хийцийн тэсрэх бөмбөг гарч ирснийг ажилтан даруй аюулгүй болгожээ. Яг энэ үед “Молотов коктель”-ийн үлдэгдэл байж болзошгүй зүйлс ноён Лаодегийн гэрээс олдсон байна.
АТГ-ын орлогч дарга Лаоде шөнийн 1 цагийн үед сэжигтэй хүмүүс гэрийнх нь ойр хавьцаа байгааг хяналтын камераас харж, холбогдох хүмүүст мэдээлжээ. Мөн түүний хөршүүдийн нэг нь тэр үед шил хагарахыг сонссон гэж мэдэгджээ.
Үндэсний цагдаагийн газар уг хэргийг үргэлжлүүлэн мөрдөн шалгаж байна.