БНСУ-ын Чонжүгийн цагдаагийн газраас эрхтэн наймаалах хэргийн холбогдогч болох 55 настай эрэгтэй А, 49 настай эмэгтэй Б нарыг байцаан шалгаж байна. А нь өнгөрсөн жилийн тавдугаар сараас бөөрний дутагдалд орж бөөр солиулах шаардлагатай болсон тул хуучны танил Б-д хандан бөөрөө өгвөл багагүй мөнгө өгье хэмээн харилцан тохиролцож эрхтэн наймаалах гэрээ хийжээ.
Гэрээндээ урьдчилгаа 100 сая вон, эрхтэн шилжүүлэн суулгасны дараа 200 сая вон, бөөрөө бүрэн эдгэртэл нийтдээ 3 тэрбум воныг өгөхөөр тохиролцсон байна. Түүгээр ч зогсохгүй 2018 оны аравдугаар сард хуурамч гэрлэлт хийн бүртгүүлэн эмнэлэгт очин эрхтэн шилжүүлэн суулгахыг зөвшөөрсөн хүн олдлоо гэж мэдэгдэж зөвлөгөө хүртэл авчээ.
Гэтэл Б нь ойр дотныхоо хүмүүсийн ятгалгаар эрхтэн шилжүүлэх санаагаа өөрчлөн А-гаас зугатсан аж. Үүнийг мэдсэн А нь өөрийн зүгээс гэрээгээ биелүүлсэн гэж үзсэн ба Б-г залилангийн хэргээр цагдаагийн газарт мэдэгдсэнээр эрхтэн наймаалах энэ хэрэг илэрчээ.
Сэжигтэн Б-г баривчлан байцаахад “Мөнгөний шуналаасаа болж гэрээ хийсэн нь үнэн боловч өөрийн биеэс эрхтнээ салгана гэхээс айсандаа зугтсан минь үнэн. Хуулийн дагуу ямар ч шийтгэл байсан хүлээхэд бэлэн байна” гэжээ.
Эх сурвалж: Mglradio