БЗД-ийн цагдаагийн Нэгдүгээр хэлтэст энэ сарын 12-13-нд шилжих шөнө 01:00 цагийн үед зодоон болж буй дуудлага иржээ.
Дуудлагын дагуу цагдаагийнхан Баянмонгол хороололд очиход ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалтын хэлтсийн хурандаа н.Ариунбат, Нийслэлийн цагдаагийн газрын Хэв журмын хэлтсийн дэд хурандаа н.Отгонжаргал нар н.Ариунбатын гэрт согтууруулах ундаа хэрэглэж байгаад улмаар хоорондоо маргалдан зодолдож, нэгнийхээ тархи толгойг гэмтээсэн байжээ.
Асуудалд холбогдсон хурандаа н.Ариунбат өмнө нь БЗД-ийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн даргаар ажиллаж байхдаа алба хаагчтайгаа архидан согтуурч зодоон хийсэн асуудлаар албан тушаал өөрчлөгдөж байжээ.
Харин дэд хурандаа н.Отгонжаргал нь СХД-ийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн хэв журмын тасгийн даргаар ажиллаж байсан нэгэн аж.
Төрийн алба хаагчидтай холбоотой хэргийг ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалтын хэлтэст шалгах ёстой ч архи дарс, зодоон цохионы шинжтэй тул харъяаллын дагуу БЗД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа юм байна. Хурандаа нар хувийн шинжтэй маргаанаас болж зодолдсон гэнэ.