2019.01.08-ны өдрийн өглөө 06:00 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Борхойн багийн нутаг дэвсгэрт Улаанбаатар хотоос Замын-Үүд сумын чиглэлд 45 зорчигчтойгоор явж байсан зорчигч тээврийн автобус осолдож 2 хүн нас барж, 43 хүн гэмтсэн харамсалтай осол болсон. Ослын үед яаралтай ажлын хэсэг гарган ажилласан бөгөөд 1 сарын 9-ний өглөө Улаанбаатар хот уруу 37 хүнийг галт тэргээр, 2 хүнийг нэгдсэн байдлаар онгоцоор авчрахад Онцгой байдлын ерөнхий газар, Авто Тээврийн Үндэсний Төв, Гэмтлийн эмнэлэг, Яаралтай Түргэн Тусламжийн төв болон Хаан Даатгал компанийн бүрэлхүүнтэй ажлын хэсэг тосон авч гэмтлийн эмнэлэгт хүргүүлсэн.
Автобусанд нийт 45 зорчигч зорчиж явснаас 43 зорчигч даатгалд хамрагдаж, 2 зорчигч даатгалгүй зорчиж явсан бөгөөд Хаан Даатгал компани нь 1 сарын 9-ний өдөр 27 хохирогч, 10-ны өдөр 8 хохирогчтой уулзсан ба хөнгөн гэмтэлтэй гэрээр эмчлүүлж буй хохирогчидтой уулзахаар ажиллаж байна гэсэн мэдээлэл ирлээ. 1 сарын 10-ны өдөр Авто Тээврийн Үндэсний Төв, Дэлгэрэх Хүнс ХХК /автобус компани/ болон Хаан Даатгал компанийн удирдлагууд хамтарсан уулзалт хийн урьдчилсан байдлаар нөхөн төлбөрүүдийг шийдвэрлэсэн бөгөөд Замын-Үүдэд үлдсэн зорчигчид болон бусад Хаан даатгал ХХК-тай холбогдоогүй иргэд Хаан Даатгал компанийн 99102584 дугаараар холбоо барина уу.
Эх сурвалж: Хаан даатгал ХХК