“Таван Толгой түлш” ХХК-ийн ахлах зөвлөх Г.Бадамхатан “Улаанбаатар хотын агаарын бохирдлын 80 хувь нь гэр хорооллоос үүсч байгаа. Гэр хороололд амьдарч буй 220 мянган өрх жилдээ 20 мянган вагон, хоногтоо 100 вагон нүүрс шатааж байгаа учир агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн. 1980-аад оны үед Улаанбаатарчууд хоногт 40 вагон нүүрс түлдэг байсан. Тиймээс утааг бууруулах ойрын хугацааны хамгийн үр дүнтэй арга бол түүхий нүүрсний хэрэглээг халж, сайжруулсан түлш хэрэглэх юм.
Засгийн газар ч зоригтой шийдвэр гаргаж, 2019 оны тавдугаар сараас эхлэн түүхий нүүрс Улаанбаатар хотын гэр хорооллын өрхүүдэд түлүүлэхгүй байх тогтоолыг гаргасан. Энэ тогтоолын хүрээнд “Тавантолгой түлш” ТӨҮГ-ыг байгуулан нийслэлчүүдийн сайжруулсан түлшний хэрэглээг хангахаар ажиллаж байна. Манай үйлдвэржилт эхлээд хүчин чадал 50 хувьтай явж байна. Өнөөдрийн байдлаар Толгойтод 200 мянган тонны хүчин чадалтай нэг үйлдвэр ТЭЦ2-т 80 мянган тонны хүчин чадалтай нэг үйлдвэрийг ашиглалтад оруулаад ажиллаж байна.
Хотын хэрэгцээг хангахын тулд 600-700 мянган тонн шахмал түлш жилдээ үйлдвэрлэнэ гэж тооцсон байгаа. Дараа жилийн өдийд гэхэд агаарын бохирдол 50 хувиар буурсан байна. Энэ бол баталгаатай. Хэн ч маск зүүхгүй .Энийг би баталгаатай хэлэе” хэмээн телевизийн ярилцлагад орох үеэрээ мэдэгдлээ.