УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаанаас УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Монгол Улсын Ерөнхий прокуророос “УИХ-ын гишүүн Г.Солтан, Д.Дамба-Очир, Б.Ундармаа, Л.Энхболд нарын гишүүдийг ЖДҮХС-аас зээл авсан байж болзошгүй, хамаарал бүхий компани зээл авахад нөлөөлсөн байж болзошгүй гэж үзэж, хэрэг шалгах явцад бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх” саналыг УИХ-д хүргүүлсэн юм. Уг асуудлыг УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хэлэлцэж, нэр бүхий гишүүдийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж 100 хувийн саналаар шийдвэрлэсэн байна.
Энэ талаар тус дэд хороон дарга, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж хэлсэн тайлбартаа “УЕП-ын танилцуулга, нэмж өгсөн тайлбар, гишүүдийн тайлбараас үзэхэд цаашаа нарийвчлан шалгаж, тодруулж, нэг мөр болгох асуудал цөөнгүй байна. Мөн УИХ-ын энэ дөрвөн гишүүн дуудсан цагт нь тус бүрдээ нэг удаа АТГ-т очиж гэрчийн мэдүүлэг өгсөн юм байна. Мөрдөн байцаалтын ажилд саад болсон гэхээр зүйл дэд хороонд ажиглагдсангүй. Иймээс энэ удаад энэ дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д оруулах бололцоогүй байна гэсэн 100 хувийн санал дүгнэлт гаргасан” гэлээ.