Amazon-ы тэргүүн Жефф Безос 25 жил ханилсан эхнэрээсээ салахаар болсон тухайгаа мэдэгдлээ.
Forbes сэтгүүлийн шинжээчдийн тооцоолсноор 139,6 тэрбум долларын хөрөнгөтэй, дэлхийн хамгийн баян хүн тэрбээр эхнэр Маккензигээс салах болсон талаараа “Би салаад, найз нөхөд хэвээр үлдэхээр шийдсэн. Ханилан суусан он жилүүддээ бид сайхан амьдарч байсан. Бидний өмнө эцэг эх, найз нөхөд, төрөл бүрийн төслүүдэд түншийн хувиар сайхан ирээдүй байна. Нэр нь өөр болж байгаа ч бид гэр бүл, жинхэнэ найзууд хэвээр байна” хэмээн Amazon.com, Twitter дэх хамтарсан мэдэгдэлдээ дурджээ.
Жефф Безос, Маккензи Таттл нар 1980-аад онд Принстоны их сургуульд суралцаж байсан боловч 1992 онд Нью-Йоркт амьдарч, Уолл-стрит дэх D.E. Shaw хөрөнгө оруулалтын санд ажиллаж байхдаа л танилцжээ. 1993 онд тэд гэрлэж, 1994 онд Сиэтлл хот руу нүүж, тэндээ Жефф Amazon.com онлайн худалдааны компаниа байгуулж байсан аж.
Безосын гэр бүл дөрвөн хүүхэдтэй. Гурав нь төрсөн хүүхдүүд нь бол нэг өргөмөл охинтой гэнэ.
“Бид бие биесээ олоод хязгааргүй аз жаргалтай байсан. Эхнэр нөхөр байсан он жил бүртээ гүнээ талархаж байна. 25 жилийн дараа ингэж сална гэдгийг өмнө мэдэж байсан ч бид ингэж л амьдрах байсан” хэмээн Жефф, Маккензи нар мэдэгджээ.
Одоогийн байдлаар дэлхийн хамгийн баян эр хөрөнгөө хэрхэн хуваах нь тодорхойгүй байна.
Эхнэр Маккензи Безосын хувьд сургууль дахь халдлагатай тэмцэх чиглэлээр мэргэшсэн Bystander Revolution санг тэргүүлдэг. Түүнчлэн тэрбээр алдартай зохиолч бөгөөд 2006 онд Америкийн утга зохиолын дээд шагналыг “Лютер Олбрайтын туршилт” номоороо хүртэж байсан.
“Миний хувьд зөөгч, сав угаагч, нярав, номын санч, оффисын ажилтан, нябо, асрагч, хувцасны худалдагч гээд хийж үзээгүй ажил байхгүй. Гэхдээ зохиол бичих нь миний хүссэн цорын ганц ажил юм” хэмээн тэрбээр ярьж байсан аж.
Эх сурвалж: rbc.ru