УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо өчигдөр (2019.01.09) хуралдаж, Ерөнхий прокуророос ирүүлсэн УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Г.Солтан, Б.Ундармаа, Л.Энхболд нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хэлэлцсэн юм.
Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан эхлэхийн өмнө Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан УИХ-ын гишүүнийг шалгахад халдашгүй эрх нь мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж байгаа гэдгийг хэлсэн юм.
Ингээд дөрвөн гишүүнийг нэг нэгээр нь хуралдаанд оруулан нэмэлт мэдээлэл авсан. Гишүүд бүгд л ЖДҮХС-аас зээл авсан компани өөрсдөд нь хамааралгүй гэх тайлбарыг сэтгүүлчдэд өгч байв. Г.Солтан гишүүн Баян-Өлгий аймагт томилолттой явж байгаа учраас Г.Солтан гишүүнийг иртэл хурлыг хойшлуулахаар болсон юм.
Хуралдааны дараа УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороон дарга Ц.Нямдорж “Өчигдөр (2019-01-08) 14:16 цагт улсын Ерөнхий прокуророос дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал оруулж ирсэн. Нэр холбогдсон УИХ-ын гишүүдийн тайлбарыг сонссон. Г.Солтан гишүүн лүү өчигдөр хоёр удаа, өнөөдөр нэг удаа УИХТГ-аас холбоо барьсан ч ирж амжаагүй. Иймээс дэд хорооны хурлыг цааш үргэлжлүүлэх боломжгүй. Маргааш Г.Солтан гишүүн ирж магадгүй. 48 цаг буюу ажлын хоёр өдрийн дотор хэлэлцэж шийдвэрлэх хуультай. Гишүүнээс нэмэлт тайлбар авах ёстой. Гишүүнийг байхгүйд бүрэн эрхийн асуудлыг нь авч хэлэлцэх боломжгүй” гэсэн юм.
Тиймээс өнөөдөр (2019.01.10) УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан үргэлжилнэ. Дэд хорооны хуралдааны дараа Төрийн байгуулалт болон Хууль зүйн байнгын хороод гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хаалттай горимоор хэлэлцэх бөгөөд чуулганы хуралдаанаар ч мөн хаалттай хэлэлцэх юм байна.