“Эрдэнэс-Тавантолгой” хувьцаат компаниас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, 2018 оны тайлан мэдээллээ хүргэлээ.
Тус компани 2010 оноос хойш 45.8 сая тонн нүүрс олборлож, 4.6 ихнаяд төгрөгийн буюу 2.1 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготойгоор ажиллажээ. 2018 онд гэхэд 1.99 ихнаяд төгрөгийн буюу тэрбум орчим долларын борлуулалтын орлоготой ажилласан байна.
2018 онд Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн ТУЗ-өөс баталсан төлөвлөгөөгөөр 1.2 ихнаяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллахаас 2 ихнаяд төгрөгийн орлоготой, 284 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэх үүргийн хүрээнд 510 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлжээ.
Компанийн ашгийн тухайд, 2.5 сая хувьцаа эзэмшигчтэй, 486 компанитай, 85 орчим хувийг нь төр эзэмшдэг уг компанийн цэвэр ашиг 335 тэрбум төгрөг байх үүрэг хүлээсэн бол 720 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна.
Гадаад болон дотоодод нийт хугацаанд 680 сая долларын өртэй байсан бол 2018 аравдугаар сарын 26-ны байдлаар бүх өрөө барагдуулж, зөвхөн авлагатай болжээ.
Тус компани санхүүгийн хувьд баталгаажсан, үний бодлогын хувьд өссөн, тогтвортой бодлого барьж чадаж, амлалтаа биелүүлж, дээр нь нөөцөө өсгөсөн гэдгийг дурьдлаа. Нөөцөө өсгөж, санхүүгийн баланс сайн байна гэдэг нь дэлхийн зах зээлд өрсөлдөх боломжоо бүрдүүлсэн гэсэн үг юм.
“Эрдэнэс-Тавантолгой” компанийн захирал Б.Ганхуяг цааш ярихдаа “Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ, Засгийн газраас олон улсын зах зээлд хөрөнгө босго гэдэг хугацаатай үүргийг бидэнд өгсөн. Эхний хугацаа арванхоёрдугаар сарын 31-нээр тасалбар боллоо. Энэ хүрээнд УИХ-д танилцуулга, Засгийн газарт мэдээлэл өгөх үүрэгтэй. Танилцуулга, мэдээллийг бэлтгэж дууссан.
Орд ашиглах нэгдсэн ТЭЗҮ-г боловсруулаад батлуулахад бэлэн болсон. Нүүрс баяжуулах үйлдвэр, төмөр зам, авто зам, цахилгаан станц, усан хангамж, хот байгуулалт гээд бүх салбар нэгж, төслүүдийн эдийн засгийн төсөөлөл, тооцооллыг бүрэн хийж дуусгалаа. ТЭЗҮ-үүдийг батлуулахад зарим хэсгийг нь бэлэн болголоо.
Компанийн засаглалыг сайжруулах, ил тод нээлттэй байдлыг бий болгох хүрээнд юун түрүүнд эрдэмтэдийн зөвлөлөө байгууллаа. Хоёрт, нийгэмд мэдээллийг зөв хүргэх чиглэлээр олон нийтийн зөвлөлийг байгууллаа. Энэ хүрээнд төрийн бус 86 байгууллагатай хамтран ажиллаж байна. 1072 хувьцаа мэдээллийн төвөөр давхардсан тоогоор 1 сая 250 мянган иргэнд мэдээлэл өгсөн байна. 500 гаруй мянган иргэнд хувьцааны нэрийн дансаа нээх боломжийг бүрдүүлж өгсөн.
Ажилчид, уурхайчдын нийгмийн асуудлын хүрээнд: 2018 онд ажилчдынхаа цалинг 21 хувиар нэмэгдүүлсэн. Хөдөлмөр аюулгүй байдлынхаа нэмэгдлийг 30 хувиар, шөнийн нэмэгдлийг 50 хувиар тус тус өсгөсөн. Урамшууллын болон цалингийн сангаа өсгөсөн. Мөн хүүхэд асарч буй эхчүүддээ сар бүр тэтгэмж олгодог боллоо гээд нийгмийн асуудал дээр томоохон ахиц гарган ажиллаж байна.
Одоо бид ТЭЗҮ-ийнхээ хүрээнд бизнес төлөвлөгөөгөө шинэчилнэ. Үүнд мөн ажилчдын нийгмийн асуудлыг бодитоор тусгаж ажиллана.
Нийгмийн хариуцлагын хүрээнд: Төрийн өмчит компаниудаас анх удаа 40 гаруй тэрбум төгрөгийн үзүүлэлт бүхий гэрээ байгуулсан нь амжилт болсон. 2019 онд Өмнөговь аймагт сургууль, цэцэрлэг, барилга, байгууламж, зам талбай тохижуулахаас эхлээд боловсролын салбарт нэлээд анхаарал хандуулж ажиллана.” гэлээ.
Ийнхүү 2018 оны тайлан мэдээллийг товч хүргэсний дараа 2019 онд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудаас танилцуулсан юм.
2019 онд Эрдэнэс-Тавантолгой компани дэлхийн зах зээл дээр өрсөлдсөн, шинэ бизнесийн хуудсыг нээсэн хөгжлийн жил болгоно гэдгийг хэлж байлаа. Мөн дэд бүтцийн төслүүдээ хөдөлгөж эхлэх аж.
Хүмүүсийн хамгийн их анхаарал татаж буй 1072 хувьцаа 2019 онд амилна гэдгийг мөн энэ үеэр дуулгалаа. Энэ талаар “Санхүүгийн бүрэн нөхцөл бололцоо, чадавхи бүрдсэн. Бид тооцоо судалгааг хийгээд 2018 оны арванхоёрдугаар сарын 31-нээр тасалбар болгоод аудит хийгдсэн тайлангаар нь нэгж хувьцаагаа хэдэн төгрөг болгох вэ гэдгээ тодорхой болгоно. Дараа нь тэр саналаа ТУЗ-д, УУХҮЯ-нд, Засгийн газартаа өгнө. Үүний дараа дөрөвдүгээр сард болох хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар энэ саналаа оруулна. Ингээд амилах нөхцөл бүрдэнэ” гэсэн тайлбарыг өглөө.
Мөн 2020 онд “Азийн хүүхдийн наадам”-ыг ивээн тэтгэж хамтран ажиллахаар болсон байна.
Үүний дараа сэтгүүлчдийн лавласан 1072 хувьцаатай холбоотой асуултад хариулт өглөө.
1072 хувьцаа амилна гэдэг нь эхлээд дотоодын бирж дээр гарна гэсэн үг үү?
-Бирж бол арилжих асуудал. Амилахын тухайд компани цэвэр ашигтай ажилласан. 2 сая 511 мяянган иргэн манай хувьцааг эзэмшдэг. Энэ иргэддээ ногдол ашиг өгөх асуудал яригдаж байгаа. Тэгэхээр цэвэр ашгаас иргэд 14.5 хувийг нь эзэмшдэг. Тэгэхээр нэгж хувьцаанд хэдэн төгрөг ногдох вэ гэдэг аргачлал бий. Нэгж хувьцааны үнэ гарна. Хөрөнгө оруулалтад хэдэн хувь нь байх уу, цэвэр ашигт нь хэд байх вэ гэдгийг шийднэ. Нэгж хувьцааны үнийг урьдчилж хэлэх боломжгүй.
-Хувьцаагаа зарж арилжиж болох юм уу?
-Хувьцаа урьд нь хэд хэдэн удаа харилцаанд орсон байдаг. Үүнийг анхны арилжаа хийгдсэн гэж үздэг. Одоо бол хувьцааг арилжих эрх нь хаалттай байгаа. Иргэд өнөөдөр хувьцаагаа арилжих боломжийг бид хаах ёстой. Үгүй бол 933 төгрөгөөр үнэлэгдсэн 1072 хувьцааны үнэ унана. Үүнээс урьдчилан сэргийлсэн бодлогуудыг одоохондоо хийж чадаагүй байна. Хоёрт, жишээ нь энэ жил ногдол ашиг олголоо гэхэд тэр эрхийн хэмжээгээрээ 933 төгрөг нь өсөх юм.
-Орон нутгийн болон гадаад байгаа иргэд дансаа яаж нээлгэх вэ?
-Брокер диллерийн 63 компани байгаа. Тухайн компаниуд зарим аймгийн иргэдэд данс нээж үйлчилж байгаа юм билээ. Гадаадад байгаа иргэд итгэмжлэхээр данс нээлгэж болно.
-Дөнгөж төрсөн хүүхдүүд яаж хувьцаа эзэмших вэ?
-ТББ-ууд янз бүрийн санаачлага гаргаад явж байгаа юм билээ. Тухайн хугацаагаар тасалбар болгосноос хойш төрсөн хүүхдүүдэд хувьцаа олгох тухай асуудал, аж ахуйн нэгжүүдэд дахиж олгох тухай, ахмадуудын тухай, өв залгамжлуулах, шилжүүлэх зэрэг асуудлыг ярьж байгаа юм билээ. Энэ бол хуулиараа явагдана. Эхний ээлжинд бид ямар ч байсан IPO-г олон улсын зах зээлд гаргаад, дараа нь дотоодын хөрөнгийн бирж дээр гаргах зохион байгуулалтаар явна. Хөрөнгийн бирж дээр гарсан тохиолдолд хувьцаат компанийн зохицуулалтаараа явна. Шилжүүлж болно, борлуулж болно, өвлүүлж болно.