Тамхины утаа өрөөний хана, тавилга, эд хэрэгсэлд шингэн муухай үнэртэй болгодог. Гэтэл таагүй үнэр юу ч биш гэдгийг сүүлийн үеийн судалгаа нотолжээ. Ялангуяа тамхины утаа шингэсэн тоглоомыг амандаа хийдэг нялх балчир үрсэд том аюул заналхийлдэг байна. Дам тамхидалт буюу тамхины утаа нь өрөөний агаартай урвалд орсноор хүний ДНК-д сөрөг нөлөөтэй нэгдлийг бий болгодог, тэр нь хорт хавдар үүсгэх боломжтойг эрдэмтэд өнгөрөгч долоо хоногт Далласт болсон Америкийн химийн нийгэмлэг(ACS)-ийн үндэсний хуралдаан дээр мэдээллээ.
Тамхины утаа өрөөнд тархахад 4000 гаруй янз бүрийн нэгдэлүүсдэг бөгөөд янжуурын “хатаамал” үнэр тамхиа унтраасны дараа удтал хадгалагддаг. Битүү саванд хурсан энэ нэгдлүүд нь хүнд эсийн түвшинд нөлөөлж, генийн өөрчлөлтөд оруулж, хорт хавдрын эсийн өсөлтийг идэвхжүүлдэг байна. Тамхины утаа анх үнэртэхээс хорт хавдартай болтол мэдээж ихээхэн цаг хугацаа өнгөрдөг.
Дам тамхидалтаас хүүхдүүд, ялангуяа ясли цэцэрлэгийн насны хүүхдүүд эрүүл мэндээрээ хамгийн их хохирдог. Нялх балчир хүүхдүүд тамхины утаа шингэсэн дэвсгэр дээгүүр мөлхөж, эд зүйлст хүрч, тоглоомоо амандаа хийдэг. Дөнгөж хөгжиж эхэлж байгаа, бие бялдар жижиг учраас тэд хүрээлэн буй орчны хортой нөлөөнд илүү амархан өртөмхий байдаг.
Тамхи татахыг хэдийгээр олон нийтийн газруудад хориглож байгаа ч хүмүүс гэртээ хэнээр ч хориулахгүй тамхи татсаар байгаа нь нийгмийн эрүүл мэндэд аюул учруулж байна. Тамхины хуршмал утаанаас ангижрахын тулд хив дэвсгэр, бүтээлэг зэргээ цэвэрлэж, ханаа дахин будаж, тавилгаа байнга арчиж, хөшиг, цагаан хэрэгслээ байнга угаах хэрэгтэй гэж эрдэмтэд зөвлөж байна.
© duuren.mn