Дэлхийд

Буддагийн амьд дүр гэх залууг сүсэгтнүүд сураггүй алга болсон шалтгаанаар шалгаж байна

Буддагийн амьд дүр хэмээн шүтэгддэг залууг сураггүй алга болсон шавь нарынх нь мөрөөр шалгаж байгаагаа Балбын нийслэл Катмандугийн цагдаагаас мэдээлжээ. Балбын ширэнгэ ойд хэдэн сарын турш ус, хүнс, нойргүйгээр бясалгаж чаддаг хэмээн 2005 онд анх алдар нэр нь түгж байсан Рам Бахадур Бомжаныг маш олон хүн дагаж мөргөх болсон юм. Гэвч 28 настай амьд бурхныг шавь нараа зоддог, хүчирхийлдэг гэх мэдээлэл сүүлийн үед Балбын хэвлэлээр гарах болжээ.

Тэдгээрийн дотор сураггүй алга болсон дөрвөн сүсэгтний ар гэрээс ирсэн гомдлын дагуу цагдаагийн тусгай хэсэг байгуулагдан шалгаж эхэлсэн байна. Мөрдөн шалгах ажиллагаа дөнгөж эхлэх шатандаа яваа тул ямар нэг мэдээлэл өгөх боломжгүйг цагдаагийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ. Бомжаны ид шидийг үзэж мэдрэхээр олон мянган сүсэгтэн түүний даяанчилдаг ширэнгэ ойд өдөр бүр цуглардаг байна. Өнгөрсөн оны есдүгээр сард 18 настай гэлэнмаа Бомжанд хүчиндүүлсэн тухай гомдол гаргаж байжээ.

Үүнээс гадна арав гаруй сүсэгтэн амьд Буддад зодуулсан тухай мэдээлэл гарч байв. Харин Бомжан бясалгалд нь саад болсон хүмүүсийг гэсгээн шийтгэдэг хэмээн үүнийг тайлбарлаж байжээ. Бомжантай холбоотой байдаг Бодхи Шраван Сангха шашны байгууллага хэвлэлүүдээр гарч байгаа мэдээллүүдийг үндэслэлгүй гүтгэлэг хэмээн саяхан няцаасан байна.

Эх сурвалж: AFP

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close