Жүжигчид, дуучид, тамирчид сонгуульд нэр дэвших үзэгдэл зөвхөн Монголд гардаг хэрэг биш бололтой. Оросын Төрийн Думд уран сайхны гимнастикийн алдартай тамирчин, олимпийн аварга Алина Кабаева сонгогдож байсан бол АНУ-ын Ерөнхийлөгчөөр холливудын алдартай жүжигчин Рональд Рейган нэгэнтээ сонгогдсон түүхтэй. “Шарил ухагч” киногоороо хамгийн анх олонд танигдсан жүжигчин Анжелина Жоли сүүлийн 20 жилийн хугацаанд нэлээд олон сая ам.долларыг хүмүүнлэгийн үйлст хадивлажээ.
Тэр африкийн иргэний дайн болж буй бүс нутгаас эхлээд газар хөдлөлтөнд нэрвэгдсэн Гаитид хүртэл очиж, хүүхдүүд эмэгтэйчүүдийг энэрэн хайрладаг нэгэн болохоо нотлон харуулсан. Тэгвэл Анжигийн эдгээр сайхан сэтгэлт үйлс зүгээр нэг бусдыг энэрэн хайрласан сайн үйлсийн ажил төдийхөн биш байсан бололтой. Түүнийг 2020 оны Нэгдсэн Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр нууцхан бэлтгэлээ базааж эхэлсэн тухай дэлхийн хэвлэлүүд сүүлийн өдрүүдэд бичих боллоо. Энэ мэдээллийг нэрт жүжигчин маань өөрөө ямар нэгэн байдлаар няцаасан мэдэгдэл хийхгүй байгаа нь түүнийг Америкийн анхны эмэгтэй Ерөнхийлөгч болохын төлөө үзээд алдахаас буцахгүй санаатайг нь баталж байгаа юм.
Жүжигчин Брэд Питтэй амьдрал зохиож нэлээд олон хүүхдийн ээж болсон Анжелина одоогоос долоон жилийн өмнөөс хөхний хорт хавдраар өвчилсөн ч уг өвчнийг генийн түвшинд оношилж, эмчлэх хамгийн сүүлийн үеийн эмчилгээг өндөр үнээр хийлгэсний хүчинд цоо эрүүл, эрч хүчтэй болж холливудад эргэн ирсэн билээ. Харин одоо мэргэжил нэгт олны танил нөхрөөсөө албан ёсоор салж, хүүхдүүд нь том болж, эхнээсээ нас биед хүрч яваа өрх толгойлсон эмэгтэй маань сая сая америк эмэгтэйчүүд, бас хүүхдүүдийн төлөө өөрийгөө зориулахад бэлэн хэмээн энд тэнд ярьж, Ерөнхийлөгчийн суудалд санаатайгаа нууж хаалгүй илэрхийлэх болсон талаар Dailymail, Yahoо зэрэг цахим хуудсанд бичжээ
. “Би өнгөрсөн хугацаанд НҮБ-ын сайн санааны элч болж хүмүүст хэрэгтэй их олон ажилд гар бие оролцлоо. Энэ хугацаандаа би засгийн газрууд, цэргийнхэн гээд холбогдох бүх байгууллага, хүмүүстэй гар нийлэн ажиллаж чадсан. Тиймээс өөрийгөө тэднээс хангалттай туршлага, мэдлэг хуримтлуулж чадсан гэж бодож байна” хэмээн нэгэн сэтгүүлчид ярилцлага өгөх үеэрээ хэлсэн Жолигийн үг хэвлэлүүдийн таамгийг батлах мэт. Мөн тэрээр “Хүн эх оронч байхын тулд эхлээд эх орноороо маш их бахархдаг байхын зэрэгцээ улс орныхоо хөгжилтэй холбоотой болохгүй бүтэхгүй байгаа зүйлсийг илэн далангүй хэлдэг байх хэрэгтэй” хэмээн сэтгүүлчид ярьсан нь өөрийгөө ирээдүйн Ерөнхийлөгч гэдэгт аль хэдийнэ итгэлтэй болоод эхэлчихсний шинж хэмээн зарим ажиглагчид дүгнэжээ.
Хэрэв үзэсгэлэнт жүжигчин бүсгүй маань үнэхээр Америкийн 46 дахь Ерөнхийлөгчийн суудлын төлөө үзэлцэхээр шийдсэн бол та бид Дональд Трамп, Хиллари Клинтон нарын тулаанаас дутахгүй улстөрийн сонирхолтой тулааны гэрч тун удахгүй болцгоох нь ээ. 2020 он хүртэл жил хагасын хугацаа үлдээд байна. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн марафон сонгууль болохоос жилийн өмнөөс эхэлдэг гэдгийг энд хэлэх хэрэгтэй болов уу.
Эх сурвалж: BBC
1 comment
ТИЙМ ЮМАНД САНААРХАЖ ЯВАХААР ӨӨРИЙНХӨӨ БИЕИЙГ ЭМЧЛҮҮЛЭЭ ЖОЛИ, ОДООГИЙН БАЙДЛААР ХОРТ ХАВДАР ЭСИЙН ТҮВШИНД ЭМЧЛЭГДЭН ЦОО ЭРҮҮЛ БОЛНО ГЭЖ БАЙХГҮЙ БАЙГАА Л ГЭХ ЮМ.