Өвлийн улирал дундаа орж, хүйтний эрч чангарсан ч гол мөрний ус төдийлөн хадаалж гүйцээгүй байна. Холбогдох албаныхнаас анхааруулга мэдээг хүргэсээр байгаа боловч иргэд хайхрамжгүй байдлаасаа болж осолдох явдал гарсаар байна. Тухайлбал, Булган аймгийн Орхон сумын Арбулаг багийн “Бичигт хад” гэдэг 4 зорчигчтой автомашин голд суужээ. Тэд “Террана” загварын суудлын автомашинтай явсан бөгөөд Хан-Уул дүүргийн харьяат иргэн М жолоодож байгаад Орхон голоор зорчиж явахдаа голын эргээс 200 метрт мөс цөмөрч суусан байна. Ослын тухай дуудлагыг өчигдөр (2019.01.06) 09:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын албан хаагчид 55 км замыг туулан очиж, автомашиныг татаж гаргажээ.
Гол мөрөн гэлтгүй орон нутгийн замд явахдаа анхаарал болгоомжгүйгээс болж онхолдох осол ч гарсаар байгаа юм. Жишээ нь Увс аймгийн Баруунтуруун сумын Баян-Айраг багийн “Хонхор буудал” гэдэг газар тус аймгийн харьяат иргэн М-ийн жолоодож явсан “ХОВО” загварын ачааны автомашины өвс ачсан чиргүүл унажээ. Энэ тухай дуудлагыг өчигдөр (2019.01.06) 07:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Баруунтуруун сумын Гал түймэр унтраах, аврах 60 дугаар ангийн алба хаагчид 25 км замыг туулан очиж, чиргүүлийг татаж босгон иргэн М-д хүлээлгэн өгсөн байна.
Иймд жолооч нар орон нутгийн замд явахдаа аюулгүй байдлыг хангаж зорчихыг дахин анхааруулж байна.