2019-01-07 15:441min030

Солонгос жуулчид яагаад Монголыг зорьдоггүй вэ?

tourists

БНСУ-аас гадаад руу аялсан хүний тоо 2017 онд 26,5 сая байжээ. Солонгосоос Монгол руу ирэхтэй адил зайтай Япон улс руу гэхэд 7 сая, Хятад руу 4 сая, Вьетнам руу 3 сая хүн аялжээ. Гэтэл Монгол Улс руу 68 мянган хүн аялсан байна. Солонгос хүн гадаад руу аялахдаа нэг хүн дунджаар 1260 ам.доллар зарцуулдаг гэсэн тооцоо гарсан байдаг аж. Харин Солонгосын Хьюндэй компани автомашин үйлдвэрлээд гадаад руу экспортлоход нэг автомашинаас гардаг цэвэр ашиг нь мянган доллар л байдаг гэнэ. Тэгэхээр Монгол Улс Солонгосоос 100 мянган жуулчин татна гэдэг нь 100 мянган автомашин үйлдвэрлээд зардаг үйлдвэрлэгч орноос илүү орлого олно гэсэн үг.

Тэгвэл Солонгос жуулчид монголд ирдэггүй шалтгаан нь нислэгийн суудал олддоггүй, олдсон нь өндөр үнэтэй байдагтай холбоотой гэж тайлбарлаж байна. Иймд хэрэв агаарын тээврийг чөлөөлж, олон авиа компани нислэг үйлдээд эхлэх юм бол 68 мянга гэсэн тоог богино хугацаанд олон арав дахин нэмэгдүүлэх боломжтой болох аж. Ингэснээр Монгол Улс жилд нэг сая автомашин үйлдвэрлэж байгаатай адил орлого олж болно гэсэн үг.

Үүний зэрэгцээ манай улсад аялал жуулчлалын баялаг маш их ч гэсэн тэдгээрийг хөгжүүлэх ажил дутагдалтай байдаг.

Солонгос хүмүүс байгалийн зэрлэг амьтдыг харах гэж Африк руу аялдаг гэнэ. Гэтэл монголчууд “гуравхан цаг нисээд ирэх энэ сайхан тал нутагт зээрийг хүссэнээрээ харж болно” гээд сурталчлахад солонгосчууд олноороо ирэх нь тодорхой. Тогтсон хугацаанд, тогтсон дүрмээр ан хийх боломж байгаа гэвэл бүр ч их хүн хуйлран ирэх биз ээ.

БНСУ 50 сая хүн амтай бөгөөд дийлэнх нь буддын шашинтай. Буддын шашинтнууд Далай ламтай уулзахаар Энэтхэгийг зорьдог гэнэ билээ. Гэтэл тийм эрдэмтэй лам манай Монголд ч байгаа. Буддын шашинтнууд Монголд үзэх юм их бий.

БНСУ-ын иргэдийн 1/5 нь Ким овогтнууд гэнэ. Ким овогтнууд алтайн уулсаас нүүж суурьшсан гэдгийг батлах түүхэн баримтууд Хятад, Солонгост их байдаг аж. Тэгэхээр “Ким овогтнуудын өвөг дээдэс энд амьдарч байжээ” гээд сурталчлахад бас л олон хүн ирнэ.

Энэ мэтчилэн зөвхөн солонгосчуудыг татах олон боломж бий. Энэ бүхнийг мэдээж нислэгийн суудлаас эхлэн шийдэх хэрэгтэй гэдгийг манай улсад суух Солонгосын Элчин сайд бидэнд сануулж байсан юм.