Монгол иргэд Солонгос Улс руу зорчиход төвөгтэй хүндрэлтэй асуудлууд их гардаг. Өмнө нь олон удаагийн виз олголтыг 15 мянган хүнд өгсөн бол энэ удаад 200 мянган иргэн олон удаагийн виз авах боломжтой болсон. Гэвч одоогийн байдлаар нэг хүн виз мэдүүлэхэд 45 хоног шалгах шаардлагатай гэнэ. Учир нь хүмүүс хуурамч материал өгдөг тул үүнийг шалгахад нэлээд хугацаа зарцуулж байгаа аж. Энэ нь яаралтай явах гэсэн бусад монголчуудыг хохироодог байна. Хуурамч материал бүрдүүлэлтийн улмаас олон удаагийн виз олголт цаашид үргэлжлэхэд хүндрэлтэй, хоёр улсын хооронд визгүй болох хугацаа ч улам бүр цаашилна гэдгийг БНСУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Жон Жэ Нам хэлсэн юм.
Хуурамч материал гаргаж байгаа шалтгаан нь хууль бус виз зуучлагч нарт хандаж буруу мэдээлэл авдагтай холбоотой. Тэгэхээр иргэдэд үнэн зөв мэдээлэл олгох үүднээс “Call center” буюу утасны лавлах үйлчилгээ эрхлэхээр болсон байна. Мөн Монгол Улсын иргэд визний материал бүрдүүлэхэд илүү хялбар болгох зорилгоор онлайн виз олголтын ажлыг эхлүүлэхээр болжээ.
Өмнө нь олон удаагийн визийг эхний удаад нэг жилээр, дараа нь 3-5 жилээр олгодог байсан бол үүнийг хөнгөвчилж, нөхцөл хангагдаж байна гэж үзвэл шууд 3-5 жилийн виз олгож байгаа. Тэгэхээр дунд шатны арга хэмжээгээр олон удаагийн виз олголтыг нэмэгдүүлж үзээд, үр дүнг нь харсны дараа цаашид хамрах хүрээг нь өргөтгөөд явах боломжтой юм байна.
Монгол Улсын нийт хүн амын 1,5 хувьтай тэнцэх буюу 50 мянга гаруй монгол иргэн Солонгос Улсад удаан хугацаагаар оршин сууж байна. 50 мянган хүн гэдэг нь нэг жижиг аймгийн хүн амтай тэнцэхүйц тоо юм.