Сөүл хотноо айлчилж буй Майк Пенс өчигдөр хоёр Солонгосын хилийн хоорондох цэрэггүй бүсэд айлчилсан нь Пхеньяны дургүйцлийг хүргэлээ. Уг үйл явдлаас хэдхэн цагийн дараа НҮБ-д суугаа Хойд Солонгосын төлөөлөгчийн оролцогч Ким Ин Рён мэдэгдэл хийжээ.
Тэрбээр “АНУ-ын эрх баригчид Солонгосын хойг руу байлдааны хөлгөө илгээхээс гадна тус улсын удирдлага хоёр Солонгосын цэрэггүй бүсэд айлчилсан нь дайныг өдөөн турхирсан үйл явдал боллоо. Мөн тус улс Солонгосын хойгт дайн эхлүүлэхээр төлөвлөж энх тайванд аюул заналхийлэл учрууллаа. Хэрвээ АНУ ямар нэгэн байдлаар Хойд Солонгост заналхийлсэн бол бид хариуг нь барих болно. Тэд бидэн рүү пуужин харвал бид бас пуужин харвах болно” гэж мэдэгджээ.
Ким Ин Рён мөн мэдэгдлийнхээ төгсгөлд АНУ-ын сөнөөгч онгоцууд Сирийн Хомс хотноо байрлах тус улсын агаарын баазыг бөмбөгдсөн явдлыг буруутгаж “Энэ бол хүчирхийлэлээс өөрцгүй явдал” гэжээ. Мөн Хойд Солонгосын Гадаад хэргийн дэд сайд Хан Сон Рёл өчигдөр Британийн “ВВС” агентлагт ярилцлага өгчээ. Сайд “Бид долоо хоног, сар, жилд явуулдаг пуужингийн туршилтынхаа тоог эрс нэмэгдүүлэхээр болсон. АНУ бидний эсрэг цэргийн ажиллагаа явуулвал бид сануулга өгөхгүйгээр цөмийн цохилт өгнө” гэсэн байна.
АНУ, Хойд Солонгос олон жилийн өмнөөс дайсагнасан харилцаатай байсан ч сүүлийн үед энэ хүйтэн харилцаа дайны хэмжээнд хүрсэн болохыг олон улсын хэвлэлүүд цохон тэмдэглэжээ. Цагаан ордны тэргүүн Дональд Трамп байлдааны хөлгүүдээ Солонгосын хойг руу илгээж, Хойд Солонгосыг буруу алхам хийлгэхэд хүргээд байна. Саяхан тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон “Хойд Солонгосын талаар ярих бидний зүйл дууссан” гэжээ.