Нийслэлийн автомашины тоо жилд 70 мянгаар нэмэгдэж байгаа гэсэн мэдээллийг Замын хөдөлгөөний удирдлагын төв өглөө. Жил бүр энэ хэмжээгээр нэмэгдэхэд Улаанбаатар хот 2025 он гэхэд нэг сая автомашинтай болж хөдөлгөөн зохицуулах боломжгүй болно гэж тус газар мэдээлж байна.
Энэ нь автомашины импортын бодлогод анхаарах шаардлагатай байгааг харуулж байгаа юм. 2019 оны нэгдүгээр сарын байдлаар нийслэлд 530 мянган автомашин хөдөлгөөнд оролцож байна.
Автомашины ачаалалыг зохицуулах үүднээс нийслэлийн 20 байршилд хоёр түвшний уулзвар буюу гүүрэн болон нүхэн гарц хийх шаардлага бий болж байгаа аж. Эхний зургаан байршлын санхүүжилтийг БНХАУ-аас авахаар Сангийн яам ажиллаж байгаа гэнэ.
Цаашид хоёр түвшний уулзвар барих ажлын хөрөнгө оруулалтыг концессоор шийдвэл богино хугацаанд түгжрэлийг бууруулах боломжтой гэж үзжээ.