Сар гаруй хугацааны өмнө Москвагийн мисс бүсгүйтэй хуримлаж байсан Малайзын Султан Мухаммад V өөрийн хүслээр хаан ширээнээс бууж байгаагаа зарлажээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эрүүл мэндийн шалтгаанаар чөлөө авсан хаан энэ долоо хоногт үүрэгт ажилдаа орох ёстой байв. Гэтэл тэр Ням гарагт мэдэгдэл гаргаж, огцрох болсноо зарлажээ.
Малайз бол үндсэн хуульт хаант засагтай улс бөгөөд тус улсыг бүрдүүлдэг есөн муж улсын язгууртнууд тав, таван жилийн хугацаатай ээлжээр хаан ширээнд суудаг. Одоогийн хаан Мухаммад V 2016 онд хаан ширээнд сууж байв. Тэрээр 1957 онд Малайз улс Британий колоничлолоос салснаас хойш хаан ширээнээсээ татгалзсан анхны хүн болж байна. Мэдэгдэлдээ 49 настай хаан өөрийг нь ширээнд залах шийдвэр гаргаж байсан бусад язгууртнууд, Малайзын ерөнхий сайд Махатхир Мохаммад, засгийн газарт талархлаа илэрхийлжээ. Хаан цаашдаа өөрийн Келантан муж улсыг хөгжүүлэхийн төлөө ажиллахаа амласан байна.
Эрүүл мэндийн шалтгаанаар чөлөө аваад байх хугацаандаа Мухаммад V 2015 онд Москвагийн мисс болж байсан 25 настай Оксана Воеводинатай гэрлэсэн гэх мэдээлэл тарж байв. Арваннэгдүгээр сарын 22-нд Москвагийн ойролцоох Барвиха хотхонд болсон гэх хуримын гэрэл зурагнууд сошиал сүлжээнд тарж байсан юм. Гэвч Мухаммад V энэ хуримын талаар ямар нэг албан ёсны мэдэгдэл огт гаргаагүй байна. Тэрээр 2004 онд Малайзын язгууртны гэр бүлийн гишүүн эмэгтэйтэй гэрлэж байсан ч 2008 онд салжээ. 2016 онд хаан ширээнд суухдаа Мухаммад V нь Малайзын түүхэнд анхны ганц бие хаан болж байв.
Эх сурвалж: Russia Today
2 comments
Орос хүүхэн хулхидуулжээ, гэхдээ язгууртан гэхээр угаасаа баян нөхөр байхаа
Huuhen zevseg gej medeh uu?