Өмнөд Солонгосын Бусан хотын олон улсын нисэх буудлаас Лхагва гаригийн /2019.01.03/ өглөө Их Британийн хоёр жуулчин хөлсний таксинд суужээ. Жуулчид нисэх буудлаас хоёр километр орчим зайтай явах байсан бөгөөд очих ёстой газраа очоод мөнгөө төлөх болоход жолооч 20 мянган вон буюу 18 ам.доллар төлөхийг шаардсан байна. Энэ нь энгийн тарифаас дөрөв дахин их мөнгө юм.
Жуулчид жолоочийн шаардсан мөнгийг өгөхөөс өөр аргагүй байдалд оржээ. Зорьсон газартаа очсоны дараа Солонгос хөтөчдөө болсон явдлыг хэлж, хөтөч нь тус хотын гадаадын жуулчдыг хариуцсан цагдаагийн газарт гомдол мэдүүлснээр, цагдаа нар замын хяналтын камерыг шүүж, гадаадын жуулчдаас илүү мөнгө авсан жолоочид торгууль ногдуулсан байна. Жолооч ч мөн буруу зүйл хийснээ хүлээн зөвшөөрчээ. Ийм тохиолдол хэдийгээр бага гардаг ч энэ нь тухайн улсын нэр хүндийг унагаах бүдүүлэг хэрэг гэж үзэж байгаагаа жуулчдыг дагуулж явсан хөтөч ярьжээ.
Эх сурвалж: KOREATIMES