Өтгөн хатах нь олон талын шалтгаантай байдаг. Тухайлбал өтгөн хатах нь идэж буй хоол хүнсний бүтэц, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн багасах, гэдэсний уртын хэмжээ харьцангуй нэмэгдэх, хэвлий, аарцгийн булчингийн үйл суларсан зэрэг олон шалтгаантай байж болдог.
Өтгөн байнга хатсанаас индол, скатол зэрэг хорт бодис цусанд шимэгдэж, биеийг архаг хордлогонд оруулна. Гэвч бид энэ зовиур, эмгэгээс бас урьдчилан сэргийлж болно. Ингээд өтгөн хаталтаас сэргийлэх зарим аргыг уламжилъя.
-Өглөө бүр өлөн элгэн дээрээ хоёр ширхэг алим хальстай нь ид.
-Интоор, инжир, гүйлс, хар чавга, байцаа, манжин, тараг зэрэг гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулах ислэг ихтэй бүтээгдэхүүн ихээр хэрэглэх.
-Унтахын өмнө нохойн хошууны бүлээн ханд нэг аяга уух эсвэл жүрж идэж болно.
-Өдөртөө аль болох их шингэн хэрэглэ. Ердийн буцалсан ус, цэвэр ус, өтгөн бус цай бол сайн. Харин өтгөн цай, кофе, кола, архи, пиво зэрэг ундааг хязгаартай хэрэглэ. Учир нь тэдгээрт шээс хөөх бодис агуулагддаг тул өтгөн хатах магадлал улам ихэсдэг.
-Хөдөлгөөн чухал. Аль болох их хөдөлж, спортоор хичээллэх, явган явах, гүйх зэрэг эрчимтэй хөдөлгөөн өтгөн хаталтаас найдвартай хамгаалдаг. Гэрийн ажил ч мөн гимнастик шүү дээ. Та заавал мундаг тамирчин байх албагүй, өдөрт ядаж 20-30 минут алхаж чаддаг бол та эрүүл мэнддээ их тус хүргэж байна гэсэн үг.
-Өглөө босоод гэдэсний дасгал хий. Дээшээ харж хэвтээд цээжээ алгуур өргөж, дараа нь алгуур буулгана. Энэ дасгал нь ходоод эрхтний цусан хангамжийг сайжруулж, гүрвэлзэх хөдөлгөөнийг эрчимжүүлдэг тул өтгөн хатахаас сэргийлнэ.
-Өдөр бүр тогтмол хагас килограмм ислэгээр баялаг хүнс хэрэглэ. Ислэг гэдэг нь хүний биед зайлшгүй шаардлагатай, хүнсний бүтээгдэхүүний нэгэн чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Үүнд, бүх төрлийн хүнсний ногоо, жимс жимсгэнэ, алим, лийр, жүрж, лууван, шош, вандуй, цэцэгт байцаа, брокли, бүх төрлийн жимсгэнэ, хар чавга, үр тариа, будаа овъёос, эрдэнэ шиш, хивэг, бүтэн үрийн буудайн гурил, хөх тарианы гурил, талх, арвайн гурил гэх мэт ордог.