Ц.Цолмон: Хүний хүсэл зоригоос хамаардаг зүйл гэж байхгүй, бүх юм хуулийнхаа дагуу л явах учиртай

Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон Ерөнхийлөгчөөс өргөн барьсан хуулийн төсөл болон цаг үеийн асуудалтай холбогдуулан сэтгүүлчдийн асуултад хариулт өгөв.

– Өчигдөр Ерөнхийлөгчийн Тамгын газраас хуулийн төсөл өргөн мэдүүлэх гээд бүрдэл дутуу гэдэг шалтгаанаар хойшилсон уу?

– Ер нь бол тэгсэн. Миний байнга хэлдэг үг байгаа шүү дээ. Хууль тогтоолын төслийг боловсруулах, өргөн мэдүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулдаг Хууль тогтоомжийн тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа гэж. Ерөнхийлөгчийн Тамгын газраас манайд хуулийн төслийг ирүүлсэн. Улсын Их Хурлын Тамгын газар хуулийн төслийн бүрдлийг хянаж үздэг. Тэгээд тухайн төсөл хуулийн төсөл боловсруулах талаар хуульд заасан шаардлагыг хангасан, холбогдох бусад материалыг хавсаргасан, нэг үгээр бүрдэл нь хангагдсан байна гэж үзвэл өргөн мэдүүлдэг журамтай.

– Төслийг өнөө өглөө өргөн барьсан уу?

– Тийм ээ, өнөө өглөө өргөн барьсан. Яг хуулиараа бол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргад хандах учиртай юм. Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргад хандана гэдэг маань төслийг Тамгын газрын мэргэжилтнүүд буюу мэргэжлийн хуульчид хүлээн авч үзэж танилцаад шаардлага хангасан гэж үзсэнээр өргөн барьдаг зохицуулалттай. Түүнээс биш шууд Улсын Их Хурлын дарга руу орж, хууль тогтоомжийн төслөө өгдөг хууль, эрх зүйн зохицуулалт байхгүй. Хуулийн дагуу бид бүрдлийг нь хянаж үздэг. Тэгээд болж байна аа гэж үзвэл Улсын Их Хурлын даргад хэлээд, Улсын Их Хурлын дарга төслийг хүлээн авах тов тогтоодог. Ийм л учиртай, хууль, эрх зүйн зохицуулалттай юм. Ерөнхийлөгчийн Тамгын газраас сая төслийг өргөн мэдүүллээ. Бид хянаад бүрдэл хангагдсан гэж үзсэн.

– Хоёр хуулийн төсөл гэсэн мэдээлэл байна, хэдийд хэлэлцэх, хэзээнээс хэрэгжиж эхлэх бол оо?

– Хүний хүсэл зоригоос хамаардаг зүйл гэж байхгүй, бүх юм хуулийнхаа дагуу л явах учиртай. Өргөн барьсан хуулийн төслийг Байнгын хороогоор хэлэлцэх эсэхийг нь шийдэх ёстой. Тиймээс Улсын Их Хурлаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулсан байх шаардлагатай. Үүний тулд Улсын Их Хурлын даргын зөвлөл хэлэлцэх ёстой. Улсын Их Хурлын бүх үйл ажиллагааг хуульчилж зохицуулсан байдаг учраас хуулийн дагуу асуудал хэлэлцэгдээд явах учиртай.

Нэгэнт өргөн баригдсан учраас энэ хуулийн төслийг хэрхэн хэлэлцэж шийдвэрлэх нь Улсын Их Хурлын бүрэн эрхэд хамаарна. Парламентын сэтгүүлчид та бүхэн сайн мэднэ. Монгол Улсын Их Хурлын тухай хууль гэж байгаа, Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар асуудал хэлэлцүүлдэг дэгийн хууль гэж байгаа. Тиймээс энэ асуудал тэрхүү хуулиудын дагуу шийдэгдэх ёстой.

– УИХ хуралдахгүй байгаа нөхцөлд яах вэ?

– Улс төрийн шаардлага тавьсан байгаа шүү дээ. Хуулиа хэлэлцээд батлах юм бол тавиад байгаа улс төрийн шаардлага арилах байх. Монгол Улсын Ерөнхийлөгч хуулийн төсөл өргөн бариад байна, тийм учраас гишүүд хуралдаа оролцож, чуулган хуралдах болов уу гэж бодож байна.

3 thoughts on “Ц.Цолмон: Хүний хүсэл зоригоос хамаардаг зүйл гэж байхгүй, бүх юм хуулийнхаа дагуу л явах учиртай

  1. Нэргүй 2019-01-04 14:20 at 14:20

    зөв шүү. яахын тулд хууль байгаа юм мөрдөхийн тулд байгаа. жирийн тэмцээн ч гэсэн дүрмээрээ тоглодог. тоглож байснаа гэнэт танай тал багийн ахлагчаа солихгүй бол тэмцээнээ үргэлжлүүлэхгүй гэж байгаа юм шиг. МАН ын мангаруудын энэ үйлдэл ямар ч нялх хүүхэд гаргахгүй тэнэглэл

    Хариулах
  2. ард 2019-01-04 21:01 at 21:01

    одоо нөгөө энхболдын тббх гэгч нь шаардлага хангахгүй байна гээд буцаах байхдаа..

    Хариулах
  3. zochin 2019-01-04 21:45 at 21:45

    ene neg zavaan yum bolioch Turiin ajil chamd yamar hamaatai yum dahiad tsunh oldoh bailguidee

    Хариулах

ард-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн