Жил бүр Эрүүл мэндийн даатгалын сангаас тодорхой хэмжээний төсөв гаргаж, иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг тогтолцоо манай улсад бий. 2019 онд Эрүүл мэндийн даатгалын сангаас 407.6 тэрбум төгрөгийг төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, үнийн хөнгөлөлттэй эмийн үйлчилгээнд зарцуулахаар болжээ.
Мөн тус мөнгийг өрх, суманд эрүүл мэндийн төвүүдээс үзүүлдэг дөрвөн төрлийн тусламж үйлчилгээнд болон “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрт зарцуулах юм.
Өнгөрсөн онд тус сангийн орлогыг 376 тэрбум, зарлагыг 341.3 тэрбум төгрөг байхаар баталсан юм. Энэ онд орлого, зарлагыг тэнцүү буюу 407.6 тэрбум төгрөгөөр баталжээ. Орлогын дийлэнхийг ажиллагсдаас төлөх шимтгэл бүрдүүлж байгаа бол зарлагыг төрийн өмчийн эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагууд эзэлдэг.
Тухайлбал, энэ онд төрийн өмчийн эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудад 244.5, сумын эрүүл мэндийн төвд 8.7, хувийн эмнэлэг, эмийн санд 148.7, үйл ажиллагааны урсгал зардалд 5.4 тэрбум төгрөг гэх мэтээр зарцуулахаар болжээ.