Италийн Сардиния арлын Оллалаи хот орон сууцаа хамгийн хямдаар буюу нэг еврогоор худалдах хөтөлбөр гаргажээ.Яагаад ийм хямд юм бэ, сүнстэй юм уу? Сүнс сүггүй ээ. Гэхдээ худалдан авагчид энэхүү байшингаа засаж тордох ёстой.
Оллолаи нь далайн түвшнээс дээш бараг нэг километрт, Ольбия-Коста-Смеральда нисэх онгоцны буудлаас 85 км-т оршдог хот юм. Оллолаи хот тун тайван, амьдрахад таатай газар. Хотод гар урчууд цөөнгүй бөгөөд тэд Дундад зууны үеэс сагс сүлжиж ирсэн удмынхан юм.Гэвч сүүлийн 50 жилийн хугацаанд Оллолаи хотын хүн ам бараг хоёр дахин багасч, 2250 байснаа 1300 болжээ. Энд жилд хэдхэн хүүхэд шинээр мэндэлдэг.
100 жилийн өмнө баригдсан ихэнх байшингууд хаягдаж, зарим нь бараг нуржээ. Залуус нь ойролцоох эрэг рүү болон эх газрын том хот руу нүүдэллэх болсон байна.
Хотын захиргаанаас ч хотоо сүнсэн хот болгохгүйн тулд шинэ хүмүүсийг татах янз бүрийн оролдлого хийсээр байна. “Би түүхэн удам угсаагаараа бахархдаг. Миний гол үүрэг бол өвөрмөц уламжлалаа мартагдахаас аврах явдал юм. Бидний хүч бол өнгөрсөн үеийн зүйлсдээ хайр гамтай хандах. Бид үргэлж хүчирхэг байж ирсэн. Тиймээс хотоо мөхөөхийг хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн хотын дарга нь ярьжээ.
Тиймээс ч хоосон байшингуудыг бэлгэдлийн төдий нэг еврогоор худалдах хөтөлбөр нь энэ асуудлыг шийдвэрлэхэд тус болно гэж найдаж байгаа аж. Хотын захиргаанаас хаягдсан байшингуудын эзэд болох малчин, фермер, гар урчууд байсан хүмүүсийг хайж олоод хотын захиргаандаа үл хөдлөх хөрөнгөө буцалтгүй тусламж болгон өгөхийг хүсчээ. Ингээд нийт 200 байшинтай болсон аж.
Эдгээр байшингуудыг бараг ихэнхийг нь Сардинид байдаг барилгын материал болох саарал чулуугаар барьжээ. Эдгээр байшин мэдээж олон жил болсон боловч нурж муудаагүй, амьдрах, сэргээн засах бүрэн боломжтой юм. Байшингуудыг худалдааны зард тавьсан бөгөөд аль ч улсын иргэн худалдан авч болох аж. Хотын даргын хэлж буйгаар хуучин байшинг авахын төлөө Австрали, Орос зэрэг олон улсаас хэдэн зуун хүсэлт ирсэн гэжээ.
Бэлтгэсэн updown.mn