Он цагийн түүх болон үлдэж буй 2018 оны сүүлчийн долоо хоногийн улс төр өмнөх жилүүдтэй харьцуулахад хөл хөдөлгөөн арвинтай байлаа. Өрнөсөн үйл явдлууд хэвлэлүүдийн домог болтол бичиж буй эрх баригч МАН-ын дотоод зөрчилтэй холбоотойг нийтээрээ ажиглаж байна.
Арванхоёрдугаар сард УИХ нэг ч удаа нэгдсэн хуралдаанаа хийж чадсангүй. Сар гаруй тасалдаж буй УИХ-ын чуулганд Ерөнхийлөгч Х.Баттулга хаалттай мэдээлэл хийнэ гэсэн зар түгээгээд ч өнгөрөгч долоо хоногт парламентын гишүүдийн царайг харж чадсангүй.
Долоодугаар сарын 1-ний үймээнээс үлдсэн том сургамж…
УИХ-ын 40 гишүүний бойкот чуулганы үйл ажиллагаа зургаан удаа тасалдаж, Төрийн байгуулалтын байнгын хороо өнгөрсөн долоо хоногт гишүүдийн гаргасан саналын дагуу асуудлыг авч хэлэлцсэн ч хуульд заасан:
-УИХ-ын дарга өөрөө чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан;
-Хүндээр өвчилж, цаашид үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гаргасныг УИХ хүлээн авсан;
-Үндсэн хуулийн цэц УИХ-ын даргыг огцруулах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг УИХ хүлээн авсан;
-Гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан үндэслэлүүд бий болоогүй учраас УИХ-ын даргыг огцруулах асуудлыг хэлэлцэх нь боломжгүй гэсэн тайлбараа өглөө.
УИХ-д бойкот хийсэн гишүүд харин чуулган хуралдаж байх учиртай пүрэв гарагт гудамжинд гарч, жагсаал цуглаан зохион байгуулав. Хүйтний эрчтэй зэрэгцэн өрнөсөн жагсаалын гол зорилго нь УИХ-ын даргыг огцрохыг шаардсан, түүнд шахалт үзүүлэх явдал.
Эх сурвалжууд талбай дээр 20 мянган хүн цугласан хэмээн мэдээлсэн ч нарийн тооны хувьд арай л дэгсдүү мэдээлэл байв. Ийм хийсвэр тоотой жагсаалыг энэ өдөр цагдаагийн байгууллага хамгаалалтад авч, жагсаалд ирсэн хүмүүст согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэх, биедээ зэвсгийн чанартай эд зүйл авч яваа эсэх гэх мэт нарийвчилсан үзлэг хийлээ.
Хүчний байгууллагын хувьд энэ нь олныг хамарсан нийтийн эсэргүүцэлтэй тулж ажиллах шинэ арга. Бухимдсан иргэдийг өдөөж, үймээн самуунд уруу татсаны хор уршгаас үүдсэн Долдугаар сарын 1-ний үймээн, түүнээс авч үлдсэн том сургамж байсан болов уу. Гэхдээ энэ нь цаашид ч хэрэгжүүлээд явахад нийгэмд хэрэгтэй. Үймээн, самуун өдүүлэгчидтэй хариуцлага тооцож болох аргачлал гэдгээрээ давуу талтай юм.
Гудамжны тэмцлийг илүүд үзэх үү, хууль санаачлах онцгой эрхээ ашиглах уу?
Үүссэн нөхцөл байдлууд гишүүдийн хувьд УИХ-ын даргаа заавал олон нийтийг өдөөн турхирсан гудамжны тэмцэл рүү орох шаардлагатай тулгарах хэмжээнд хүртлээ хүндэрсэн үү. Асуудлыг шийдэх өөр өөдтэй гарц байхгүйд хүрээд мухардсан уу гэсэн асуултыг дагуулж байна.
М.Энхболдыг огцруулах үндэслэлийг өнөөдөр мөрдөж байгаа хууль эрх зүйн баримтаас хайгаад олохгүй нь үнэн. Гэвч УИХ-ын гишүүдэд хууль санаачлах онцгой эрх бий. Дөчин гишүүд УИХ-ын даргыг огцруулах үндэслэлүүдийг тусгасан хуулийн төсөл санаачлан парламентаар хэлэлцүүлэх бүрэн боломжтой. Бойкотын эзэн 40 гишүүн төслөө хамгаална. Дээр нь 2020 оныг алга ташин хүлээж байгаа АН-ын гишүүд хамжаад, дэмжээд унагаад л өгнө.
Ийм онцгой эрх тэдний гарт атгаастай байхад чуулганыг бойкотлож, Төрийн хэргийг гудамжинд хэлэлцэж буйн цаана ямар сонирхол нуугдаж байна вэ. Энэ асуултын хариу нь өөрөө сөхөн үзэх ёстой бас нэг онцгой сэдэв мөн.
Төрийн ордон, төв талбай хоёрт өрнөсөн МАН-ын задгай улс төр АН-ын хувьд зугаатай зууш болсон хэвээр байна. Энэ өдрүүдийг АН “Хөгжил, шинэчлэл” үндэсний аян” гээчийг зохион байгуулж, намын гишүүнчлэлээ 12 мянган иргэнээр тэлж, нийт гишүүдийн тоо 204 мянгад хүрлээ хэмээн мэдээлэв.
Нийслэлчүүдийн хувьд тэд улирч яваа оноо Засаг даргагүй үдэв. Ерөнхий сайдаас огцруулна гэсэн бодлого барьсан ч өөрийн саналаар албан тушаалаа өгсөн С.Батболдын орны томилгоо энэ өдрүүдэд хүчтэй яригдаад өнгөрлөө. Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар МАН-ын хэд хэдэн хүний нэр сонсогдож байсан ч (2018.12.30) хуралдсан Удирдах зөвлөл нь Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайханыг томилохоор шийдлээ. Энэ томилгоог Төрийн ордонд нэлээд эрт зурсан гэдгийг ч улс төрийн хүрээнийхэн ярьж байна.
АТГ оны төгсгөлийн долоо хоногт Монгол Улсад авлига их тархсан институцыг нэрлэлээ. Авилгад идэгдсэн салбаруудыг энэ онд шүүх тэргүүлж, араас нь газрын алба, эрүүл мэнд, яам, агентлаг, боловсролын байгууллагууд удаалжээ. Энэ мэдээлэл ирэх онд авлигад нэрвэгдсэн институцийг тойрсон дуулианууд тасралтгүй өрнөж магадгүйг харуулж байна.
Долоо хоногийн содон мэдээг Засгийн газар түгээлээ
Долоо хоногийн хамгийн содон мэдээллүүд Засгийн газраас дуулдлаа. Лхагва гарагт хуралдсан Засгийн газар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаярыг ажлаас нь халав. Яамны сайд Ц.Нямдорж нь дэд сайдаа танхимынхаа эсрэг ажилласан гэж үзсэн учраас огцрууллаа хэмээн эх сурвалжууд мэдээлж байна.
Саяхан хуралдсан МАН-ын бага хурал дээр дэд сайд Б.Энхбаяр “ЖДҮХС-гаас зээл авсан асуудал нь гэмт хэрэг” гэж хэлээд ЖДҮ-чдийн асуудалд хэт эмзэг хандаж буй танхимаасаа хөөгдөхдөө тулсан бололтой. Танхимаасаа жийгдсэн Хууль зүйн дэд сайд чамгүй сайн хуульч, бас эрүүл үзэл бодолтой, МАН-ын залуучууд дунд нийтлэг биш дүр. Түүний карьеар үүгээр төгссөн биш харин ч эхэлж байх талтай.
Түүний оронд дэд сайдаар ШШГЕГ-т ажилладаг Ц.Нямдоржийн ойрын хүн ирж суухаар болсон. МАН-ын удирдлагууд түүнд 24 цагийн дотор намдаа элсэх хачирхалтай “тулган шаардлага”-ыг тавьсан байгаа.
Засгийн газраас дуулдсан өөр нэг дуулиан нь Салхитын мөнгөний ордтой холбоотой асуудал. ЗГХЭГ-ын дэд дарга Г.Занданшатарын дагуулсан хүчний байгууллагын тусгай ажиллагааг иргэд дэмжиж байна. Эсрэгээр гадны хөрөнгө оруулалтад хүндэтгэлгүй хандлаа гэсэн шүүжлэл ч бас өрнөв.
Салхитын мөнгөний ордыг тойрсон дуулиан, орд газрыг булаацалдсан хөрөнгө оруулагч хоёр хятад эзэн хууль, шүүхийн байгууллагуудыг талцуулсан тухай мэдээлэл хангалттай цацагдсан. Хятад эзэд одоогоор Монголд байхгүй, уурхайн бүсийг хоёул өөр өөрсдийн хөлсөлсөн хамгаалалтын албанд даатгаад энэ уурхай дээр үүрэг авсан хамгаалагч залуучууд бие биенээ манаж байсан.
Хэзээ ч юм нэг өдөр дэгдэж мэдэх бэсрэг үймээнтэй ийм халуун цэгт хүчний байгууллагынхан ажиллаад иржээ. Хуулийн байгууллагаар хэлэлцэгдэж буй маргаан төгссөний дараа нэгэнт олборлолт явуулсан мөнгөний ордыг цаашид яаж ашиглах вэ, хэнд өгөх вэ гэдгийг шийдэх нь дараагийн асуудал.
Ерөнхийдөө уул уурхай бол монголчуудын хувьд эмзэг сэдвийн нэг болсон нь үнэн. Нэгэнт үүссэн энэ дуулиантай хамт харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны байдлаар Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн хэдэн хувь нь уул уурхайн хайгуул, олборлолт явуулах эрх олгогдсон байгаа вэ гэдгийг тогтоож, зарим тусгай хамгаалалтын бүс, ялангуяа Монголын түүхийг агуулдаг Хэнтийн нуруунд зөвшөөрлөөс давж, уул уурхайн олборлолт явуулж, иргэдийн дургүйцлийг төрүүлж буй асуудлыг сөхөөд харчихвал түүний унаж яваа нэр хүнд Хэнтийн уугуул гэдгээр ч, Ерөнхий сайдын хувьд сэргэх боломж бий.
Улстөрчдийн ёолк хэссэнийг нотлох баримтгүй шинэ жил
Оны төгсгөлийн долоо хоног хаа сайгүй шинэ жилийн гялгар цалгар уур амьсгал түгсэн, улс төрчид энд тэндхийн ёолк хэсэж, оны шилдэг шагналд дарагдсан, магтаал, сурталчилгаа хөвөрч байсан ойрын 20 жилийн шинэ жилээс огт өөр байлаа.
Утааны гамшигт нэрвэгдсэн нийслэлчүүд яаж гамшиг багасах хавартай мэндшүүхэн золгох вэ хэмээн шаналж байхад Байгаль орчин ногоон хөгжлийн сайд Н.Цэрэнбат “Дэлхийн ногоон элч”-ээр тодров. Энэ мэдээ түүнийг ямар гавьяа байгуулсан бэ гэдгийг хэлэлцсэн хурц шүүмжлэл, доог тохууны бай болгоод байна.
ЖДҮ тойрсон дуулиан, иргэдийн ширүүвтэр шүүмжлэл улстөрчдөд ч нөлөөл үзүүлсэн байх. Мартагдахгүйн тулд хэвлэлийн хуудаснаас өөрийн зургаа салгадаггүй улстөрчид энэ удаа ёолк хэссэн, шинэ жилийн баяр тэмдэглэсэн зургаа ил гаргахаас ерөнхийдөө татгалзсан харагдаж байна.
Энэ нь улс төр халуурал оргил цэгтээ хүрч байхад олон арван ёолк хэссэн зургаар гангарч, олон нийтийн сүлжээний доог болохгүй хэмээн хаширлаж байгаатай нь холбоотой болов уу.
Эх сурвалж: ikon.mn