Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороонд 9 давхар угсармал байрны 8 дугаар давхраас хүн унаж гэмтжээ. Тодруулбал, тус хорооны харьяат 37 настай залуу Ү согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ найман давхрын тагтнааас олс ашиглан бууж байгаад гоо сайхны салоны 3 давхар барилгын дээвэр дээр унаж гэмтсэн байна.
Өндрөөс хүн унаж гэмтсэн тухай дуудлагыг өчигдөр (2019.01.01) 13:47 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид ажиллаж 13:53 цагт эсэн мэнд буулгаж ЯТТТ-д шилжүүлэн өгчээ.
Мөн Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Могойт багийн “Зайрмагтай” гэдэг газар Баянхонгор аймгийн Баянхонгор сумын харьяат 40 настай иргэн Л /эрэгтэй/ компанийн байрлалаас зүүн урд зүгт 2 км-т байдаг иргэн О-гийнхоос өнгөрөгч арванхоёрдугаар 28-ны өдрийн 19:00 цагт согтуу гараад сураггүй болжээ. Тэрээр явган явсан бөгөөд түүнийг сураггүй болсон тухай дуудлагыг 30-ны өдрийн 16:30 цагт хүлээн авч тус сумын Засаг даргаар ахлуулсан орон нутгийн 20 хүн, “Самсунг” ХХК-ийн 5 ажилчин, ар гэрийн 4 хүн, нийт 30 хүн эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна. Улмаар өчигдөр (2019.01.01) 15:00 цагт тус багийн “Зайрмагтай” гэдэг газраас Л-н цогцсыг олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн гэж тус сумын Засаг дарга 16:00 цагт аймгийн Онцгой байдлын газарт мэдээлжээ.
Иймд ард иргэд амь нас, эрүүл мэндээрээ хохирох эрсдэлээс урьдчилан сэргийлж, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг анхааруулж байна.