Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
2019 оны эхний өдрөөс хэрэгжиж эхэлсэн хуулиудтай танилц – updown.mn

2019 оны эхний өдрөөс хэрэгжиж эхэлсэн хуулиудтай танилц

Монгол Улсад хэд хэдэн томоохон хууль 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлж байна. Үүнд:

Нийгмийн даатгалын шимтгэл нэг хувиар нэмэгдэж байна

Нийгмийн даатгалын шимтгэлд нэмэгдэж буй нэг хувийг ажил олгогч, ажилтан хоёроос тэнцүү хуваан гаргуулахаар тусгагдсаны дагуу тус бүр 0.5 хувийн шимтгэл нэмж төлнө. Бодлогын хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийг 2018 оноос 2 хувь, 2019 оноос 1 хувь, 2020 онд мөн 2 хувь нийтдээ 5 хувиар нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасан.

Ингэснээр 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс ажилтан 11 хувь, ажил олгогч 12-14 хувийн шимтгэл/ямар үйл ажиллагаа явуулж буйгаас хамаарч/ төлж байгаа бол 2019 оны нэгдүгээр сараас ажилтан 11.5, ажил олгогч 12.5-14.5 хувийн шимтгэлийг Нийгмийн даатгалын санд төлөх юм.

Төрийн албан хаагчид шатлан дэвших хэлбэрээр томилогдоно

2019 оноос хүчин төгөлдөр хэрэгжиж буй Төрийн албаны тухай хууль нь 23 бүлэг, 77 зүйлтэй. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 190 орчим мянган төрийн албан хаагч ажиллаж байна гэсэн судалгааны дүн бий. Төрийн албыг дөрвөн гол чиглэлээр шинэчлэх зорилтыг уг хуульд тусгасан юм.

1/ Төрийн албыг улс төрөөс ангид байлгах. Яамдын төрийн нарийн бичгийн даргыг зургаан жилийн хугацаатай томилдог болохоор тусгасан. Мөн төрийн нарийн бичгийн дарга нь улсад 16 жил ажилласан, тухайн яаманд газар, хэлтсийн даргаар найман жил ажилласан байх шаардлага тавих юм.

2/ Төрийн албыг тогтвортой, шатлан дэвших (мерит) тогтолцоогоор явуулах. Ингэснээр төрийн албан хаагчид дотроо шатлан дэвших хэлбэрээр томилогддог болох юм.

3/ Төрийн албыг хариуцлагатай болгох. Буруу шийдвэр гаргаж, төрд учруулсан санхүүгийн хохирлыг буруутай албан тушаалтан хувиасаа төлдөг болж байна. Мөн авлига, албан тушаалын хэрэгт холбогдож, ял эдэлсэн хүн дахиж төрийн албанд орохгүй байх заалтыг оруулжээ. Бусад гэмт хэрэг төрийн албанд хамаарахгүй бөгөөд ялтай байдлын хугацаа нь дууссан бол төрийн албанд ажиллаж болох аж.

4/ Төрийн албаны зөвлөлийн эрх хэмжээг өргөтгөж, хариуцлагыг чангатгах. Төрийн албаны зөвлөл нь төрийн албатай холбоотой хууль бус шийдвэрийг хүчингүй болгох эрхтэй боллоо. Тиймээс хууль бус шийдвэрүүдийг шүүх байгууллагад хүргүүлэхээс өмнө Төрийн албаны зөвлөл шийдэх боломжтой болж байгаа юм.

Хуулийн хэрэгжилттэй холбогдуулан Засгийн газраас таван журмыг баталсан. Тодруулбал,

-Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид нэмэгдэл, нэмэгдэл хөлс
-Докторын зэрэг, профессорын цолны нэмэгдэл
-Төрийн үйлчилгээний албан хаагчид ур чадварын нэмэгдэл
-Төрийн үйлчилгээний албан хаагчид орон нутагт ажилласны нэмэгдэл
-Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан хаагчид хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдэл олгох журмыг батлав.

Хуулийн бүрэн эхийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Согтуурах, мансуурах донтой хүнийг шүүхийн шийдвэрээр албадан эмчилнэ

Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн шинэчилсэн найруулга хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлж байна. Согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон, согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулах тухай харилцааг энэ хуулиар зохицуулжээ.

Албадан эмчилгээг эмчлүүлэгчийн биеийн байдал, эмчилгээний үр дүнгээс шалтгаалан 3-6 сар хүртэл, давтан эмчлүүлэх тохиолдолд зургаан сараас нэг жил хүртэл хугацаатай хийнэ.

Хэрэв мансуурах донтой ч жирэмсэн, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, мөн насны хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, 16 нас хүрээгүй хүүхэд, 60-аас дээш настай хүн болон биеийн хүнд эмгэгтэй хүнийг албадан эмчлэхийг хориглоно. Тухайн иргэнийг албадан эмчлүүлэх саналыг цагдаагийн байгууллагаас гаргах бөгөөд албадан эмчлэх эсэхийг шүүхээр шийдвэрлэнэ. Албадан эмчлүүлэгч оргон зайлсан тохиолдолд эрэн сурвалжлах ажиллагаанд зарцуулсан зардлыг тухайн иргэнээс гаргуулахаар хуульд тусгажээ.

Хуулийн бүрэн эхийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Багшийн хөгжлийг ингэж дэмжинэ

Энэ хууль нь багш бэлтгэх, багшийн хөгжил, оролцоог дэмжих, ёс зүй, нэр хүнд, нийгмийн баталгааг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад чиглэгджээ. Энэ хууль нь өмчийн хэлбэр харгалзахгүйгээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх шатны албан болон албан бус боловсролын сургалтын байгууллагад ажиллаж байгаа багшид үйлчилнэ.

Хуульд зааснаар багшийн мэргэжлээр их, дээд сургууль төгссөн бол багшлах эрхийн шалгалт өгөх шаардлагагүй болж байна. Мөн Ерөнхий боловсролын сургуулийн 44-өөс дээш хүүхэдтэй нэг, хоёрдугаар анги нь туслах багштай байж болно.

Засгийн газар багшийн хөгжлийг дэмжих хөтөлбөрийг таван жил тутамд баталж, багшийн хөгжлийг дэмжих үйл ажиллагаа, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусгаж, хэрэгжүүлэхээр хуульд тусгасан байна. Багшид ажлын гүйцэтгэлд суурилсан урамшууллыг олгох бөгөөд холбогдох журмыг Засгийн газар батална.

Багшийг түрээсийн орон сууц, ипотекийн зээлд хөнгөлөлттэй нөхцөлтэйгээр хамруулах хөтөлбөрийг барилга хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран хэрэгжүүлэх зэрэг чухал заалтуудыг тусгажээ.

Хуулийн бүрэн эхийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүллээ

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жил тутам шинэчлэн тогтоох хуультай. Энэ заалтын хүрээнд цалингийн доод хэмжээ 320,000 төгрөг боллоо.

Хамгийн сүүлд 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 240,000 төгрөг болгон нэмэгдүүлээд байсан юм. Харин энэ жилээс нэг цагийн хөдөлмөрийн хөлс 1904 төгрөг болж, цалингийн доод хэмжээ 80 мянган төгрөгөөр нэмэгдлээ.

Мод, модон хийцийг НӨАТ-аас чөлөөллөө

Ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн аж ахуйн арга хэмжээний ажил болон импортоор оруулж байгаа гуалингаас бусад бүх төрлийн түлшний зориулалтын мод, тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан /OSB/, стандартын дагуу хийгдсэн, угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцийг НӨАТ-аас чөлөөллөө.

Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай энэ хууль нь 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд үйлчлэх ба барааны жагсаалтыг “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем /БТКУС/”-ийн ангиллын дагуу Засгийн газар батлах юм. Энэхүү хууль нь хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг бууруулах, ойгоос нялх моддыг авч хот суурин газруудыг ойжуулах явдлыг зогсоох зорилготой юм.

НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн бүрэн эхийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн