Гэрэл зургийг Ч.БАТЗАЯА
Манай улс энэ жил 66.7 сая тоо толгой мал сүрэг тоолуулснаар шинэ онтойгоо золгож байна.
Малын тоо толгойг хонин сүрэг магнайлж байна
Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр, энэ жилийн мал тооллогын дүнгээр таван хошуу малаас хонь сүрэг 30.5 сая толгойгоор өсч мал сүргийн тоо толгойг магнайлж байна.
Удаалаад 27.1 саяар ямаан сүрэг, үхэр 4.3 сая, адуу 3.9 сая болж, тэмээ 459.7 мянгаар тоологджээ.
Өнгөрсөн жилийн мал тооллоготой харьцуулж үзэхэд адуу, үхэр, ямаан сүргийн тоо толгой буурч, хонь, тэмээн сүргийн тоо өсөлттэй гарсан байна.
Улсын хэмжээнд Хөвсгөл, Дорнод, Хэнтий, Увс, Дорноговь, Дундговь аймаг малаа таван төрлөөр өсгөжээ. Малын төрлөөр авч үзвэл адуун сүргийн тоо 12 аймагт өсч, 9 аймагт буурсан байна. Адууны тоогоор 378.3 мянгаар Архангай, 341.4 мянгаар Төв, 327.2 мянгаар Сүхбаатар аймаг, дараалаад Өвөрхангай, Хэнтий аймаг эхний тавд орж байна.
Архангай аймаг малаа таван төрлөөр өсгөжээ
Үхэр сүргийн тоо 8 аймагт өссөнөөс Архангайд 621.2 мянга, Хөвсгөл 482.4, Хэнтий 353.0 мянга, Төв аймаг 282.3 мянга, Өвөрхангай 272.3 мянгаар мөн эхний 5 байрт орж байна. Тэмээн сүргийн тоо 16 аймагт өсч, 5 аймагт буурснаас тэмээний тоогоор Өмнөговь аймаг 152.3 мянган тэмээ тоолуулснаар тэргүүлж, удаалаад Баянхонгор 57.4, Говь-Алтай, Дорноговь, Дундговь аймгууд эхний 5 байрт оржээ.
Хонины тоо 11 аймагт нэмэгдэж, 10 аймагт буурсан үзүүлэлттэй байгаас хонины тоогоор мөн л Архангай аймаг 2981.3 мянгаар тэргүүлжээ. Ямаан сүргийн тоо толгойгоор Баянхонгор аймаг 2478.9 мянгаар тэргүүлж, Өвөрхангай, Говь-Алтай, Хөвсгөл, Дундговь эхний 5 байрт ороод байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ