Энэтхэгт 65 настай эмэгтэй хоёр дахь хүүхдээ төрүүлсэн байна. “Дэйли мэйл” сонинд мэдээлснээр хүүхдийн эцэг нь 80 настай эрэгтэй гэж байна. Ийнхүү уг эмэгтэй жам ёсоор хүүхэд гаргасан хамгийн ахимаг настай ээж болж байна. Өмнө нь ийм дээд амжилт үзүүлсэн ээжүүд бүгд хиймлээр үр тогтоох ажиллагааны тусламжтайгаар жирэмсэлж байжээ. Сонинд бичсэнээр энэ удаагийн төрөлт нь энэ эмэгтэйн хувьд хоёр дахь нь бөгөөд найман жилийн өмнө нэг хүү төрүүлж байжээ.
Түүнийг хариуцан амаржуулсан эх барихын эмч нарын хэлж байгаагаар ээж, хүү хоёрын бие сайн, хоёулаа цоо эрүүл учир удахгүй эмнэлгээс гарах юм байна. Ийм тохиолдол анагаахын түүхэнд туйлын ховор гэдгийг Төрөх, нөхөн үржихүйн мэргэжилтэн, доктор Шабир Сидик ярьсан байна. Тэрбээр “Энэтхэгт эмэгтэйчүүдийн цэвэршилт дунджаар 47 наснаас эхэлдэг. Түүнээс хойш хүүхэд төрүүлэх боломжгүй. Харин энэ удаагийнх онцгой тохиолдол боллоо” гэж онцолжээ. Одоогийн байдлаар хамгийн өндөр настайдаа ээж болсонд тооцогдож байгаа эмэгтэй мөн л Энэтхэгийн иргэн байгаа юм. Гэхдээ тэр хиймлээр үр тогтоох аргын тусламжтайгаар 2016 онд 72 настайдаа хүү төрүүлж байсныг “Дэйли мэйл” сонинд дурдсан байна.