Өнөөдөр магадгүй Монголын түүхийн хуудаснаа шинэ мөр үлдэх түүхэн өдөр ч байж мэднэ. Хийсэн сонголтоо эргэн нэг харж ирээдүйгээ өөрчлөх боломж нээгдсэн энэ үед олны танил эрхмүүд ч мөн өөрсдийн дуу хоолойгоо нэгтгэж эхэлжээ. Яруу найрагч, сэтгүүлч Р.Эмүжин тэмцэл эхлүүлээд буй УИХ-ын таван гишүүнийг дэмжин өөрийн цахим хуудаснаа ийн бичжээ:
Таван залуу…таван аав
Ерөөс ойлгохгүй юм. Хөгжмөөр байна, хөлөө олмоор байна гэх. Шударга бусын хонгилыг нураана, шуурга дэгдээнэ гэх. Энхболдыг албан тушаалаас нь буулгаж, эх орноо гацаанаас гаргаж, ард түмнээ ядуурлаас аварна гэлцэх. Ёстой энэ тухай амтай болгон нь хашхирч, хуруутай болгон утсаа маажиж, чихтэй болгон сонсож, нүдтэй болгон уншив. Улс төрд лидер алга, урваач шарваачдаар дүүрчээ гээд л дэлхий дэлбэртэл хашхирав, дээл гандтал харамсав. Гэтэл яав? Сайн ч, муу ч УИХ-д суудалтай, өөр өөрийн тойргоос сонгогдсон таван залуу нам харгалзалгүй нэгдэж, эрх ашиг харгалзалгүй эвлэлдэв.
Хэрвээ би шатахгүй юм бол, хэрвээ бид шатахгүй юм бол хэн энэ түнэр харанхуйг гэрэлтүүлэх юм бэ хэмээн жагсаал цуглаандаа тулав. Сана даа, хоёр намын гишүүд нэгдээд, төрийн ордноос гарч, түшээгийн суудлаасаа гулсан талбай дээр жагсаж байсан түүх Монголын улс төрд өмнө нь байсан бил үү? Амин хувийн ажлаа амжуулаад, албан тушаалын наймаанд оролцоод, шагналаа аваад, шархаа нөхөөд явж байхыг нь хэн байг гээв?
Үүнээс өөр сонголт үгүй, үүнээс өөр арга үгүй гэдэг чинь л энэ. Тэр Энхболд гэдэг хүнийг намынх нь бага хурлын гишүүдийн 95 хувь, УИХ-ын 40 гишүүн огцруулахаар гараа өргөлөө. Гэвч болсонгүй. Төлөөлөн тэмцэж буй таван залуу энэ байна. Тэднийг муул, гоочил, хэлмэгдүүл, хэлэх хэлэхгүйгээр доромжил. Гэхдээ нэг л юмыг ойлго. Дахиад ингээд зориглоод, шуудраад гараад ирэх залуусыг хаанаас олох вэ, хэдэн жилээр хүлээх вэ?
Хүлээсэн, тэвчсэн олон олон оны дараах оновчтой мөч аль хэдийнээ бидний өмнө тулж ирснийг тэд сануулж байна. Адилхан л аавын хөвгүүд. Тэдний ард сэтгэлээ зовоон түгшиж суугаа төрүүлсэн аав ээж, чимээ чагнан хүлээсэн гэр бүл, айл болгонд байдаг асуудлууд бий. Гэхдээ тэд өнөөдөр энэ бүхнээ хойш тавиад авилгад идэгдсэн төрийг, ядууралд нэрвэгдсэн нийгмээ засахаар зориглолоо. Тэд хэн ч байж болно. Тийм боловч монголчуудын 27 жилийн турш хүлээсэн, тэвчсэн, мөрөөдсөн тэмцэл энэ биш гэж үү?
Өөр юу хүлээсэн юм бэ? Тэмцэл өөрчлөлтийг бурхнаас хүлээгээд, тэнгэрээс горьдоод байгаа юм уу? Тэгвэл бурхандаа өвдгөө цоортол мөргөөд, тэнгэртээ гараа чилтэл өргөлөө өргөөд байж л байхгүй юу. Үнэндээ бол эгэл аавууд, энгийн иргэд, жирийн л ээжүүд түүнийг чинь авчирдаг юм. Учир нь ямар эх оронд үр хүүхдээ үлдээхээ шийдэхийн тулд шүү дээ! Таван залуу, таван аав…тэдний цээжинд биднийхтэй л адил шаналдаг, шархирдаг, уйлдаг, урсдаг зүрх цохилж буй. Тиймээс ч шударга бусыг сөрөн зогсож буй юм. Эсвэл сөхрөх ёстой байсан юм уу?
Сөхрөөд унахаар нь сөрсөнгүй гэж дахиад л балбах уу? Зүрхээ чагнаарай, сэтгэлээ сонсоорой, тэгээд тэдэнтэй хамт байгаарай. Тэгж байж л урагшаа алхана, ухрах зам угаасаа байхгүй! Ард чинь утаа, ядуурал, албан тушаалын наймаа, авилгал, өвчин зовлон, өнчрөл хүлээж байхад ухраад хаачих юм бэ?
4 comments
Үнэхээр залуучууд тэмцэж эх орон ,ард түмнээ хамгаалахгүй юм бол хэн хамгаалах юм бэ. Сайн байна ,залуучуудаа
Үнэхээр залуучууд тэмцэж эх орон ,ард түмнээ хамгаалахгүй юм бол хэн хамгаалах юм бэ. Сайн байна ,залуучуудаа
Yag zov xeljee
edgeer zaluusig demjij baigaa shvv delhiin 2 tom gvrnii hamgaalaltand zov orshin togtoj amidruulj chadahgvi toriin erh barigchdaas salah tsag bolson harin zov tor zov vzliig bii bolgohod ovog deedsiinhee ulamjlalig gishgehgvigeer oyunlag hudolmorch zaluus hamgiin ehend yavah estoi shvv tsvnh barigchid ch hereggvi yagaad gevel zaluus ta nart l saihan eh oron heregtei Mongol eh orondoo mongol hvndee hairtai baitsgaaya